Дрэг уран бүтээлч Гена Марвин бага насны траумагаа урлагийн зэвсэг болгожээ

Admin Life & Culture 2025 оны 6 сарын 22 Уншсан: 0

Зарим хүний хувьд гажиг мэт санагдах, заримд нь айдас төрүүлэх ч өөрийн ертөнцөө урлагаар илэрхийлдэг, манай ертөнцөд хамаарахгүй мэт нэгэн хүн бий, тэр хүн бол Гена Марвин. Тэрбээр өнгөрсөн амьдралынхаа айдас, хүчирхийллийг “дрэг” урлагаар хар дарсан зүүд шиг аймшигтай хэр нь гайхалтай дүр төрх болгож амилуулдаг.

Хүн бүр адилхан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, нэгэн хэвийн хувцаслах нь зарим хүний хувьд хэвийн мэт боловч хэтэрхий уйтгартай санагддаг. Харин тэр “энгийн” гэж нэрлэгддэг хүмүүсийн нэг нь магадгүй та ч байж болох юм, энэ нийтлэлийг уншиж байгаа хүн ч байж болно. Миний хэлэх гэсэн санаа бол бусдаас өөр байх нь ямар ч буруу биш, харин хамгийн үнэ цэнтэй зүйл гэдгийг санаарай.

Орос дрэг уран бүтээлч Гена Марвин багаасаа бусдаас өөр гэдгээ мэддэг байжээ. Тэр оросын жижиг хотод өссөн бөгөөд хүмүүс бүгд түүнийг мэддэг байсан учраас зэрлэгээр доромжлон, бие махбодын хүчирхийлэл үзүүлдэг байв.
Ийм сэтгэлийн шарх, траума нь зарим хүнийг бууж өгөхөд хүргэдэг байсан ч Марвин үүнийг бүтээлч сэтгэлгээнийхээ түлш болгон ашигладаг. Хүүхэд насыг нь хүнд хэцүү болгосон тэр бүх зүйлд олсон цорын ганц тайвшрал нь түүний дрэг урлаг байв. Тэрбээр хэлэхдээ,

Миний туулсан амьдрал надад аймшигтай мэдрэмж төрүүлдэг. Тэнд би үргэлж бусдад доромжлуулдаг хүү байсан. Би гурван удаа толгойгоо хагалуулж, шүднүүдийнхээ ихэнхийг тэр тосгоны гудамжинд алдсан.

Анх угаалгын өрөөндөө нууцаар дрэг будалтыг туршиж үздэг байсан Марвин, эцэг эх нь дуудахад яаравчлан арилгадаг байв. Харин ковидын хөл хорионы үеэр түүний бүтээлч байдал огцом өсч, багынхаа хар дарсан мангасыг бодит амьдралд амилуулсан юм. Үүнээс хойш тэр “гоо сайхан” болон “дрэг” гэсэн ойлголтуудыг өөрийнхөөрөө дахин дахин туршиж, сорьсоор байна.

Өөрөө жижигхэн биетэй ч том биетэй мангасын дүрд хувирахыг эрхэмлэдэг Марвины бүтээлүүдэд урт нарийн хуруунууд өвдөг даван унжиж, биеийн аль ч хэсгээс гүдгэр, овгор, товгор зэрэг жигтэй хэлбэрүүд цухуйдаг. Аймшигтай хэр нь гайхалтай дүр төрхтэй түүний уран бүтээлүүд одоо угаалгын өрөөнд хязгаарлагдахгүй болсон. Тэр одоо олон нийтийн дунд эдгээр төрхөөрөө зоригтой гарч, хүмүүсийг айлгаж, бас гайхшируулсаар байна.

"Би анх удаа ийм төрхөөрөө гадагш гарахад шууд л бусдын бай болсон. Насанд хүрсэн хүмүүс надад үхэхийг хүссэн аймшигтай үгсийг хэлдэг байлаа. Харин тэдний хүүхдүүд тэс өөр, надтай зургаа авхуулж, сайхан үгс хэлдэг байсан."

“Магадан дахь байгаль үнэхээр солиотой гоё. Тиймээс би дрэг төрхтэйгөө энэ гайхамшигтай байгалийн дунд зураг авхуулахыг хүссэн,” хэмээн тэр тайлбарлаад “Би анх удаа ийм төрхөөрөө гадагш гарахад шууд л бусдын бай болсон. Насанд хүрсэн хүмүүс надад үхэхийг хүссэн аймшигтай үгсийг хэлдэг байлаа.”

Гэхдээ тэрээр залуу үеийн хандлага огт өөр байгааг анзаарчээ. “Харин тэдний хүүхдүүд тэс өөр, надтай зургаа авхуулж, сайхан үгс хэлдэг байсан” гэж тэр дурдлаа.
Ирээдүйд, янз бүрийн уран бүтээлчдийг шүүмжилж, доромжилж, муухай үгс хэлэхийн оронд тэднийг дэмжиж, олон өнгө аястай, илүү аюулгүй нийгмийг дараа үеийнхэн цогцлооно гэдэгт Гена Марвин итгэдэг.

Ингээд та бүхэнд Гена Марвины ярилцлагыг хүргэж байна. Тэрээр хэрхэн сэтгэл доторх трауманаас гоо сайхныг олж хардаг болсон тухай, өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай, мөн яагаад Слендермэнтэй өөрийгөө ижилтгэж үздэг талаар сонирхуулж байна.

Та хаанаас гаралтай, одоо хаана амьдарч байна вэ?
Орос улс бол миний эх орон. Би Санкт-Петербургт амьдардаг ч, Охотын тэнгисийн эрэг дээр байрлах Магадан хэмээх газраас гаралтай. Би загасчлал эрхэлдэг жижиг тосгонд өссөн. Тэнд ойролцоогоор 6,000 хүн амтай, ганц муу сургуультай. Би үргэлж ууртай, ижил хүйстэн хүмүүсийг үзэн яддаг, үл ойлголцол ихтэй орчинд өссөн. Энэ нь маш хэцүү байсан.

Та яг юу хийдэг вэ? Энэ бүхнийг яаж эхэлсэн бэ?
9-р ангид байхдаа гоо сайхны хэрэгслээс шинэ ертөнцийг олж харсан. Энэ нь надад маш их тус болсон. Орой болгон угаалгын өрөөнд ороод нүүрээ буддаг байлаа. Гэхдээ эцэг эх маань дуудахад нүүрээ яаравчлан саван, салфеткаар арчиж цэвэрлэдэг байсан. Тэр үед би энгийн будалт хийдэг байсан, жаахан суурь крем, сормуусны будаг, уруулаа будаад л болдог байв. Цаг хугацаа өнгөрөхөд би өөрийгөө олж мэдэж, дрэг ертөнц надад нээгдсэн.

Та өөрийн уран бүтээлээр дамжуулан юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?
Нэлээн удаан хугацаанд би өөрөө ч хийж буй зүйлээ яг юу гэж ойлгохоо мэддэггүй байсан, бас хүмүүс миний урлагийг хараад ямар мэдрэмж авч байгааг ойлгодоггүй байлаа. Гэхдээ ковидын хөл хорионы үе надад их тус болсон. Би өөрийгөө бүх дэлхийгээс тусгаарлаж, яг юу бүтээмээр байгаагаа ойлгож эхэлсэн. Миний төсөөлөлд нэгэн хүйт даам амьтны төрх орж ирсэн. Анх Инстаграм болон ТикТок дээр тэр төрхөө хуваалцахад ирсэн сэтгэгдлүүд яг л миний мөрөөдөж байсан шиг байсан бөгөөд энэ нь надад нэг төрлийн шалгуур, чиглэл болсон. Хүмүүс миний бүтээлүүдийг хараад уур, айдас, баяр хөөр гэх мэт олон төрлийн сэтгэл хөдлөл мэдэрч чаддагт би дуртай. Миний урлаг анхандаа зүгээр л өдөөн хатгалга мэт байсан бол одоо хүний зан авирыг судлах нэг хэлбэр болж хөгжсөн.

0:00
/0:25

Гена Марвин (Video Credit: @genamarvin/ Instagram)

Цаашид ямар зүйлд хүрэхийг хүсэж байна?
Би өөрийн гэсэн үзэсгэлэнгээ гаргаж, сэтгүүлийн нүүрэнд гармаар байна. Энэ бол миний том зорилгуудын нэг.

Одоо та ямар зүйл дээр ажиллаж байгаа вэ?
Ирээдүйн санаанууд, зураг авалтын талаар толгойд олон бодол эргэлдэж байгаа. Тиймээс яг одоо тэр бүхэндээ төвлөрч байна. Мөн саяхан Магаданаас аялаад ирсэн. Одоо дрэгийн тухай баримтат кинонд гол дүрд тоглож байна. Найруулагч намайг гэр бүлтэйгээ хамт зураг авалт хийж, тэдэнд юу хийдгээ тайлбарлахыг хүссэн (спойлер: эцэг эх маань миний хийж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй). Гэхдээ би зүгээр л тэнд суугаад хувийн амьдралынхаа талаар ярихыг хүсээгүй.

Таны хувьд гоо сайхан гэж юуг хэлдэг вэ?
Миний хувьд гоо сайхан гэдэг нь толинд харагдах өөрийнхөө дүрийг бүрэн хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Заримдаа тайван, салхигүй эсвэл хүйтэн цаг агаар хүртэл гоо сайхан мэт санагддаг. Гялбаа, гүн гүнзгий байдал, хар өнгө ч хүртэл гоё. Ер нь бүх зүйл гоо сайхан. Зарим хүмүүсийн “гоё биш” гэж үздэг зүйл хүртэл надад гоо сайхан санагддаг. Харин стильтэй, зоригтой байх нь бол миний хувьд цэвэр урлаг.

Гоо сайхны тань хэв маягийг гурван үгээр хэрхэн тодорхойлох вэ?
Миний гоо сайхны хэв маяг гэвэл... шугам, эзлэхүүн, харьцуулалт гэж хэлнэ дээ.

Гоо сайхнаар дамжуулан өөрийнхөө тухай юу ойлгож, таньж мэдсэн бэ?
Би гоо сайхнаараа дамжуулан хүүхэд насны айдас, траумаагаа илэрхийлдэг. Хүүхэд байхдаа туулсан аймшигтай өдрүүд минь одоо ч надад их нөлөө үзүүлдэг. Хүүхэд насны олон хүчин зүйл намайг өнөөдөр хэн болохыг тодорхойлж байна.

Хамгийн дуртай үнэртэй ус чинь юу вэ?
Le Labo брэндийн Santal 33 үнэртэн. Энэ үнэр яг надад тохирдог, миний төрхийг илэрхийлдэг хамгийн шилдэг сүрчиг гэж боддог.

Та ямар уран зөгнөлт дүрийг өөртэйгөө адилхан гэж тодорхойлох вэ?
Одоогоор надад хамгийн их тохирох дүр бол Слендермэн гэж боддог! Гэхдээ би “Валериан ба Мянган гарагийн хот” кинон дээр Рианнагийн бүтээсэн Баббл дүртэй өөрийгөө илүү адилтгах дуртай. Би бүх зүйлд дуртай, бүхнийг туршиж үзэхийг хүсдэг.

Та өөрийгөө хамгийн гоё мэдэрдэг үе хэзээ вэ?
Миний амьдралд өөрийгөө илүү гоё эсвэл бага гоё гэж мэдрэх тодорхой мөч байдаггүй байсан. Миний хувьд гоо сайхан гэдэг нь сэтгэл зүйн эрүүл мэндтэй шууд холбоотой. Харин одоо бол би өөрийгөө дотроосоо тун тэнцвэртэй, тайван мэдэрдэг.

Та дэлхийг хэрхэн өөрчлөхийг хүсдэг вэ?
Энэ дэлхийд засах ёстой маш олон зүйл бий. Харамсалтай нь би ганцхан л зүйл хийж чадна, тэр нь шинэ урлагийн хэлбэрийг бүтээх.

Та цаг хугацаагаар аялаад 100 жилийн дараа гоо сайхны сэтгүүлийн редактор болсон гэж төсөөлье. Тэр үед ямар гоо сайхны трендүүдийн тухай бичиж байх байсан бол?
100 жил гэдэг үнэхээр сонин хугацаа. Юу болохыг төсөөлөхөд ч хэцүү. Гэхдээ тэр үед дэлхий дээрх бүх хуванцрыг дахин боловсруулж дууссан байгаасай гэж хүсдэг. Харин жинхэнэ тренд нь зүгээр л “амьдрал” байх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хатуу ертөнцөд хүн чанар улам багассаар л байна.

Баннер 2

Таны баннер энд харагдана.

👉 Дэлгэрэнгүй мэдээлэл

Admin

The future starts today, not tomorrow.