Хүн-Сармагчны гибрид туршилт
1973 онд гарсан The Wicker Man кино нь хамгийн чимээгүй хэр нь сэтгэл түгшээм кинонуудын нэг. Гол шалтгаан нь амьтны баг зүүсэн хүмүүс хааяа нэг гарч ирээд, дуугүй зогсон, зүгээр л ширтдэг явдал юм. Загасны баг зүүсэн насанд хүрсэн эр хүн харагдах нь уг нь инээдтэй санагдах ёстой ч The Wicker Man киног үзсэн хүмүүс бараг инээж байсангүй.



1973 онд гарсан The Wicker Man киноны хэсэг
Хүн ба араатан хоёрын эрлийз зүйлс биднийг эртнээсээ айлгаж ирсэн. Бидний мэддэг хамгийн эртний түүхүүдэд ийм “химера” буюу араатан төрхтэй хүмүүс гардаг, жишээ нь минтавр, лусын дагина, харпи, вэндиго гэх мэт. Энэтхэг, эртний Египетийн шүтээнүүд ч ийм хагас хүн, хагас амьтдын дүр төрхтэй байдаг. Эдгээр түүхүүд нь ихэвчлэн хүний оюун ухаан ба зэрлэг зан чанарын хоорондын тэмцлийг харуулдаг. Өдгөө эдгээр нь найзуудтайгаа тойрч суугаад аймшгийн түүх ярьдаг сэдвүүдийн нэг болсон байна.

Харин хэрвээ ийм химера амьтад зүгээр нэг зохиомол зүйл биш байсан бол яах вэ? Хэрвээ бид үнэхээр тийм араатнуудыг бүтээж чаддаг байсан бол? Энэ бол Зөвлөлтийн нэрт биологич, зоотехникч Илья Ивановын түүх юм.
Хүн ба амьтны эрлийзүүдийн тухай
Өнөө үед амьтдыг эрлийзжүүлэн гаргах нь тийм ч хачин зүйл биш. Хүмүүс бар ба арсланг хольж барслан, сарлаг ба үхрийг хольж хайнаг бүтээсэн. Бас адуу ба илжигний эрлийз луус, тэмээ ба лам гөрөөсний эрлийз кама нь хэдэн мянган жилийн турш хөдөө аж ахуй, тээвэрт ашиглагдаж ирсэн. Тиймээс 20-р зууны эхээр байгаль судлаачид хүн ба шимпанзегийн эрлийз бүтээх санаа дэвшүүлэхэд олон нийт, хэвлэл мэдээллийн хэт ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Ийм санаа Европт шуугиан тарьж, засгийн газрууд ийм төрлийн судалгааг хориглосон. Харин Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсад ийм ёс суртахууны хязгаарлалт байгаагүй. 1920-иод онд Иосиф Сталин хүн-шимпанзе эрлийзээр армийг бүрдүүлэх гэж оролдсон гэх цуурхал байдаг. Тэр нь яг Planet of the Apes кино шиг, улаан хувцастай хагас хүн, хагас сармагчнууд Европоор дайрч өнгөрнө гэсэн санаа юм. Гэхдээ энэ нь батлагдаагүй, худал домог болох нь тодорхой болсон.
Гэхдээ бидний мэдэх зүйл бол Оросын архивуудаас судлаачид баримт цуглуулсны ачаар Сталины засаглалын үед анх удаа хүн ба сармагчны гибрид бүтээх оролдлого бодитоор хийгдсэн гэдгийг тогтоосон явдал юм.
Шашны эсрэг алхам
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс үүссэн эхэн үед эдийн засаг хүнд, шинжлэх ухаанд эргэлзээ ихтэй, гадуур гарах зөвшөөрөл бараг олгодоггүй байлаа. Тиймээс шинжлэх ухааны судалгаанд санхүүжилт авах үнэхээр хэцүү байсан юм. Яг энэ үед Илья Иванов гарч ирсэн.
Иванов анх 1910 онд Австралийн Грац хотод болсон Дэлхийн амьтан судлалын конгресс дээр хүн-сармагчны гибридийн (humanzee) санааг дэвшүүлсэн. Тэрээр илтгэлдээ хиймэл үржил ашиглан хүн болон тэдний хамгийн ойрын төрөл болох сармагчингийн хооронд эрлийз бий болгох боломж нэгэн цагт бодит байж болох тухай дурдсан юм. Тухайн үед энэ санаа зүгээр л таамаг төдий байв. Гэвч 1917 оны Оросын хувьсгалын дараа бүх зүйл өөрчлөгдсөн.

Иванов Парис хотод биологи судалж, хиймэл үржил дээр ажилласнаар Оросын хөдөө аж ахуйд уур амьсгалд тэсвэртэй адуу гаргахад ихээхэн тус нэмэр үзүүлсэн байлаа.
1910 оноос эхлэн Иванов хүн ба сармагчны гибрид бүтээх санаанд шунан дурлажээ. Тэрээр ийм гибридууд нь хүн болон амьтны аль алинаас илүү хүчтэй, ухаалаг, өвчинд тэсвэртэй болно гэж итгэж байв. Супер цэргүүд бий болгох боломжийг тэр харсан юм. Гэхдээ Иванов мэргэн ухаантай байлаа. Санхүүжилт авахын тулд судалгаагаа маш нарийн тодорхойлж, нэрлэсэн юм.
Владимир Ильич Ленин, Леон Троцкий нар ба тэдний удирдсан шинэ ЗХУ засаг коммунист болохоос гадна шашны эсрэг хүчтэй байв. Тэд Христийн шашныг бүхлээр нь үзэн яддаг байлаа. Иймээс Иванов өөрийн судалгааг шашны эсрэг, үл итгэгч хүний эрх чөлөөг дэмжсэн гэж нэрлэсэн юм. Хүн амьтантай гибрид бүтээж чадвал тэд өөрсдийн хувьслыг удирдах бурхан болох боломжтой гэж үзэв. Оросын лабораториудын агуу авьяас чадварын өмнө Эдэн цэцэрлэг ч өчүүхэн зүйл мэт харагдах болно гэж итгэж байв. Москва энэ санааг маш их дэмжсэн. Ингээд 10,000 долларын санхүүжилт, зорчих зөвшөөрөлтэйгөөр Иванов Африк тив рүү хөдөлсөн юм.
Хүн-сармагчин (Humanzee) бүтээх арга

Ивановын төлөвлөгөө маш энгийн байв: Францын Гвинейд очиж сармагчин барьж аваад, орон нутгийн эмэгтэйчүүдэд мөнгө төлж туршилтад оролцуулах. Гэвч нэг том асуудал гарсан нь тэр нутгийн нийгмийн соёл, үзэл хандлагыг огт тооцоогүй явдал байлаа.
Тухайн үед Баруун Африкт сармагчин эмэгтэйчүүдийг хулгайлан авч явж, бэлгийн хүчирхийлэл үйлддэг тухай домог, ам дамжсан яриа их байжээ. Ийм цуурхалд нэр холбогдсон эмэгтэйчүүдийг орон нутгийнхан гадуурхаж, ад үздэг байсан. Тэр нийгэмд бусдад хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь амьд явахтай дүйцэхүйц чухал байсан тул Иванов хэчнээн их мөнгө санал болгосон ч ямар ч эмэгтэй нэр хүнд, амьдралаа хамгаалж туршилтад оролцохоос татгалзсан юм.
Түүний хоёр дахь төлөвлөгөө нь багийнхаа гишүүдээс, нэрийг нь нууцалсан ч үр тогтоох чадвартай нь тогтоогдсон эрчүүдийн үрийг авах байв. Дараа нь Иванов олдсон бүх эм шимпанзед хиймэл үржил хийхээр төлөвлөсөн. Гэхдээ энд нэг том бэрхшээл байлаа, шимпанзе олох хэцүү, барих бүр ч хэцүү, харин барьсан ч тогтоон арчлах нь хамгийн хэцүү нь байсан.
Гэсэн ч тэр эцэст нь 13 шимпанзе олж, хиймэл үржил хийх ажилдаа орсон юм.
Хэдэн сарын дараа ямар ч амжилттай жирэмслэлт болсонгүй. Хүн-сармагчин гэх гибрид огт бүрэлдээгүй. Энэ үед Иванов маш их яарч, цөхөрч байв. Тэр зөвхөн өөрийн онолоо батлахыг хүсээд зогсохгүй, шоронгийн систем шиг хатуу ханддаг засгийн газраас авсан 10,000 долларын хөрөнгийг үр дүнтэй зарцуулах ёстой байлаа.
Иймээс тэр төлөвлөгөөгөө өөрчилж, эмэгтэйчүүд дээр тэдний зөвшөөрөлгүйгээр "эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг" нэрийдлээр хиймэл үр суулгах гэж оролдсон. Аз болоход Францын эрх баригчид энэ талаар мэдэж, Ивановыг нутаг буцаасан юм.
Зөвлөлт рүү буцсан нь
Иванов бууж өгсөнгүй, үргэлжлүүлэхийг оролдсон. Тэрээр 20 шимпанзег Орост авчруулсан ч аян замд зөвхөн дөрөв нь амьд үлдсэн. Орост байдал бүр хүнд байлаа, эмэгтэйчүүдэд мөнгө төлж шимпанзегийн үртэй хиймэл үржил хийх боломж байсангүй (санхүүжилт бараг дууссан байв). Тиймээс тэр зүгээр л шинжлэх ухааны нэрийн өмнөөс биеэ зориулахыг хүссэн эмэгтэйчүүдийг сайн дураараа бүртгүүлэхийг уриалсан юм.
Зөвхөн нэг хүн хариу өгсөн. Түүний нэр тодорхойгүй бөгөөд түүхэнд зөвхөн “Г” гэж тэмдэглэгдэн үлдсэн. Тэр эмэгтэй Ивановт ийнхүү бичжээ:
“Эрхэм профессор...
Хувийн амьдрал маань бүрэн нурж, цаашид амьдрах утга учир надад үлдээгүй юм шиг санагдаж байна... Гэхдээ хэрвээ би шинжлэх ухаанд хэрэгтэй зүйл хийж чадах юм бол, энэ бодол надад урагшлах зориг өгч чадна. Тиймээс би танд хандахаар шийдлээ.
Гуйя, надад бүү татгалзаач... Туршилтад оролцохыг минь зөвшөөрөөч гэж би чин сэтгэлээсээ хүсье.”
Тухайн үед тэр энэ захидлыг хүлээн авч үзсэн ч “Г” сэтгэцийн хувьд тогтворгүй байсан нь тодорхой байлаа. Түүний хүсэлт жинхэнэ “туршилтад оролцох хүсэлтэй” байсан гэж хэлэхэд эргэлзээтэй байв. Мөн туршилт ямар ч үр дүнд хүрээгүй юм.
Энэ үед Иванов өөрөө аюултай, ичгэвтэр хүн болж хувирсан байв. Тэр дэлхийн өнцөг булан бүрээр химера туршилтаа авч явсан ч эцэстээ шоглож дооглох, үзэн ядуулах аль алиныг давхар хүртсэн юм. Ингээд 1930 онд Зөвлөлтөд явагдсан эрдэмтдийн эсрэг цэвэрлэгээний үеэр Иванов баривчлагдаж, Казахстан руу цөлөгджээ. Тэр хоёр жилийн дараа нас барсан юм.
Ивановын түүх үүгээр дуусахгүй ч байж магадгүй. “Хүн-сармагчин” гэх гибридийг олох оролдлого өнөөдөр ч үргэлжилсээр байна. 2019 онд АНУ, Хятад, Испанийн эрдэмтдийн хамтарсан баг хүний ба сармагчны үр хөврөл бүтээж, 20 хоног амьд байлгаж чадсан. Үүний дараа тэрхүү үр хөврөлийг зориуд устгасан юм.
Орчин үеийн ийм төрлийн химера судалгаанууд заавал аюулгүйн хязгаар тогтоодог. Өөрөөр хэлбэл, эдгээр туршилтууд хэзээ ч бүрэн хөгжиж, төрөх түвшинд хүрэхийг хориглодог протоколыг мөрддөг. Өнөөдөр ч хүн ба амьтны гибрид бүтээх гэдэг нь 20-р зууны үеийнх шиг том хориотой сэдэв хэвээр байна.
Гэхдээ гол нь, шинжлэх ухаан энэ зүйлийг гүйцэхэд тун ойрхон болж, өнөөдөр үүнийг зөвхөн ёс зүй л зогсоож байгаа юм биш үү гэдэг асуулт гарч байна.