Мэри Энн Беван буюу “Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй”

Admin Сонин хачин 2025 оны 6 сарын 13 Уншсан: 0

Энэ хүний зургийг хараад хүмүүс шууд л өө энэ байна шдээ Фэйсбүүк дээр ч юм уу Твиттер дээрээс харж байсан юм байна гэж хэлэх нь тодорхой. Мэдээж өнөөгийн сошиал хөгжсөн үед янз бүрээр түүний зургийг тавьж хошиносон сэдэвтэй постууд хөвөрөх нь ойлгомжтой. Өнөөдөр би Мэри Энн Беваны түүхийг та бүхэнтэй хуваалцах бөгөөд түүний гуниг зовлон, гайхалтай эр зоригийг та бүхэнд чадан ядан ойлгуулахыг зорих болно. “Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй” гэх гомдоор нэр хочийг авсан ч түүний амьдрал энэ хэрцгий нэршлээс хамаагүй илүү өргөн утгатай байв. Нийгмээс ирсэн харгис шүүмжлэл, олон бэрхшээл дунд түүний амьдрал хүний сэтгэлийн тэсвэр тэвчээр болон гоо сайхны олон талт ойлголтын гэрч болж үлджээ.

Мэри Энн Беван эхэндээ энгийн амьдралтай байв

Мэри Энн Беваны өмнөх ба дараах

Мэри Энн Беван (өмнөх овог нь Вебстер) 19-р зууны төгсгөлд Лондон хотын ажилчин ангийн гэр бүлд төрсөн энгийн нэгэн бусад охидын адил хүүхэд насаа өнгөрүүлсэн охин байлаа. Тэрээр сувилагчаар ажиллаж, 1902 онд ногооны худалдаачин Томас Бевантай гэрлэсэн бөгөөд тэд гайхалтай сайхан амьдарч дундаасаа дөрвөн хүүхэдтэй болжээ. Тэд аз жаргалтай амьдралаар амьдарч байв.

Өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг

1919 онд авсан Мэри Энн Беваны гэрэл зураг.

Гэвч хувь заяа хатуухан сорилт түүнд илгээв. Мэри Энн акромегали хэмээх ховор өвчнөөр өвчилсөн гэдгээ мэдэв. Энэ нь тархины дааврын булчирхайд хоргүй хавдар үүссэнээс болж өсөлтийн даавар хэт их ялгарч, биеийн хэлбэр өөрчлөгддөг эмгэг юм. Түүний хамар, гар, хөл, дух томорч, эрүү нь урагш цорвойж эхэлсэн бөгөөд толгойны өвдөлт, хараа муудах шинж тэмдэгүүд илэрчээ.

Биеийн энэ өөрчлөлт нь түүний амьдралыг бүрэн өөрчилж, хүмүүсийн харах өнцөг энгийн хандлагаас сониуч, шоглох байдал руу шилжжээ. Үүний зэрэгцээ түүний нөхрийнх нь гэнэтийн үхэл түүнд хүчтэй цохилт өгч үүнээс болж бэлэвсэн үлдсэн бүсгүйн нуруун дээр бүх зүйл бууж асар их санхүүгийн бэрхшээлтэй тулгарлаа. Тэр ажилд орохыг хүссэн боловч тухайн үеийн цаг үеээс хамаарч түүнд ажилд орох нь хязгаарлагдмал байсан учраас тэр өөрийн өвөрмөц төрхөөрөө мөнгө олох шийдвэрийг гаргав.

Ингээд тэр “Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй” тэмцээнд оролцож, ялалт байгуулсан нь түүнд Кони Айландад байрлах Dreamland нэртэй шоуны гэрээг авчирсан. Хэдийгээр энэ ажил доромжлол мэт санагдаж байсан ч, гэр бүлээ тэжээх ганц гарц нь энэ байсанг мэдэж байлаа.

Мэри Энн Беваны олны анхаарлын төвд өнгөрүүлсэн амьдрал

1924 онд авсан Мэри Энн Беваны гэрэл зураг. (Photo Credit: American Philosophical Society / Eugenics Archive)

Мэри Энн Беваны амьдрал нь олон нийтийн доог тохуу ба хувь хүний дотоод мөн чанарын тулаан байв. Олны нүдэнд тэр ердөө л үзүүлбэр байсан ч, тайзны ард тэр бол халамжит эх, сэтгэлийн хаттай эмэгтэй байв. Түүний амьдрал нь гаднах төрхөнд хэт анхаардаг нийгмийн өнгөц хандлагын тод жишээ болжээ.

Кони Айландад үзүүлбэр үзүүлэхээс гадна, Мэри Энн Беван алдарт Ringling Bros. циркт ч мөн үзүүлбэр үзүүлдэг байв. Тэрээр шивээстэй эмэгтэй Лэйди Виола, арслантай адил сахалтай эр Стефан Бибровски зэрэг сонин содон хүмүүсийн хамт тайзан дээр гарч, үзэгчдийн сонирхлыг татсаар байв. Энэ бол "Гажигууд" гэж нэрлэгддэг циркийн үзүүлбэрчид байлаа. Үзэгчид түүний хөрөг зурагтай, дээрээ "Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй" гэдэг бичигтэй ил захидлыг худалдан авч дурсамж болгон хадгалдаг байсан ба тэдгээрээс олсон орлого нь Мэригийн амьжиргаанд том дэмжлэг болдог байлаа.

Сайдшоу буюу этгээд үзүүлбэрийн ертөнцөд орох шийдвэр нь Беваны хувьд хүнд байсан ч хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэр энэ бүхнийг хийсэн. Түүний өөрийгөө золиослон, доромжлолыг үл ажран ажилласнаас харахад тэр бол жинхэнэ эх хүний бахархалт жишээ бөгөөд түүний тэвчээр, зориг нь үнэхээрийн баатарлаг байв.

Мэри Энн Беваны анагаахын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр

Мэри Энн Беван. (Photo Credit: Wikimedia Commons / Public Domain)

Мэри Энн Беваны акромегалитэй тэмцсэн амьдрал нь энэ ховор өвчнийг анагаах ухаанд илүү сайн ойлгоход тус болсон. Түүний олонд танигдсан байдал нь уг өвчний талаарх мэдлэгийг түгээж, ховор өвчтэй хүмүүсийн туулж буй зовлонг олон нийт ойлгоход нөлөөлсөн. Иймд түүний амьдрал зөвхөн циркийн тайзанд бус, шинжлэх ухааны хөгжил, хүнлэг хандлагыг бий болгоход ч бодитой нөлөө үзүүлжээ.

1933 оны 12-р сарын 26-нд, 59 насандаа Мэри Энн Беван таалал төгссөн. Түүнийг өөрийнх нь эх орон болох Их Британид, Лондоны Льюишэм дүүргийн Brockley and Ladywell Cemeteries хэмээх оршуулгын газарт нутаглуулсан байна.

Баннер 2

Таны баннер энд харагдана.

👉 Дэлгэрэнгүй мэдээлэл

Admin

The future starts today, not tomorrow.