Орора хотод сүйрсэн үл мэдэгдэх нисдэг биет | Сүйрсэн нисдэг таваг цуврал #1
Орора, Техас. 1897 он
1896–1897 оны хооронд АНУ даяар тэнгэрт үзэгдсэн нууцлаг нисдэг хөлгүүдийн талаарх мэдээллүүд ихээр тархсан байдаг. Эдгээрийн олонх нь өнөөгийн UFO ажиглалттай төстэй, тэнгэрт хурдан хөдлөх гэрлүүдийн талаар байжээ. Харин зарим нь агаараар хөвдөг аварга том хөлгүүд буюу агаарын бөмбөлөг үзэгдсэн тухай өгүүлдэг.
Тухайн үед дэлхийн зарим хэсэгт агаарын бөмбөлөг бүтээж байсан хэдий ч энэ тайлбарыг ихэнхдээ няцаадаг. АНУ-д тухайн үед амжилттай хийгдсэн агаарын бөмбөлөг байгаагүй бөгөөд үзэгдсэн хөлгүүдийн дүрслэл нь тухайн үеийн туршилтын бөмбөлгүүдээс хамаагүй том, илүү хурдан байсан ажээ.
Бодит байдлыг нүдээрээ харсан гэрчийн хэлсэнээр агаарын бөмбөлөг дотор хүн төрхтэй биетүүд байсан гэж мэдүүлжээ. Хэд хэдэн сонин, тэр дундаа The Washington Times хүртэл тэднийг “Ангарагаас ирсэн зочид” байж болзошгүй гэж таамаглаж байв.
Нууцлаг агаарын хөлгүүдийн тухай хамгийн сүүлчийн сонирхолтой мэдээг S.E. Haydon гэх сэтгүүлч 1897 оны 4-р сарын 17-нд The Dallas Morning News сонинд нийтэлсэн байдаг. Тэр нийтлэлдээ 4-р сарын 16-ны өглөөний 6 цагт Техас мужийн Орора хотод нэгэн агаарын хөлөг үзэгдсэн гэж бичжээ. Тус хөлөг намхан нисэж байгаад эцэстээ шүүгч J.S. Proctor-ын газар дээр байрлах салхин тээрэмтэй мөргөлдсөн байна.

Мөргөлдөөний үр дүнд хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд “хэсгүүд нь хэдэн акр газарт тархан бутарч, салхин тээрэм, усны савыг сүйтгэж, шүүгчийн цэцгийн хүрээлэнг бүрэн устгасан” хэмээн бичжээ.
Тухайн нийтлэлд дурдсанаар тэнд байсан гэрчүүд нуранги дундуур явж байхдаа тухайн хөлгийг жолоодож байсан нисгэгчийн цогцосыг олж цочирдсон байна. Тэдний нэг нь тэрхүү цогцосыг хараад “энэ дэлхийн хүн биш мэт” харагдаж байсан гэж Хайдонд хэлжээ. Орон нутгийн цаг уурын албаны ажилтан түүнийг Ангарагаас ирсэн байж магадгүй гэж таамаглажээ.

Мөн тэд нисгэгчийн аяллын тэмдэглэл байж болзошгүй, үл мэдэгдэх бичээс бүхий бичиг цаас олсон гэж мэдээлсэн. Уг бичээс нь хачирхалтай дүрс, бэлгэдлүүдээс бүрдсэн байжээ. Нисдэг хөлгийн хөдөлгүүрийн ажиллагааны зарчмыг ойлгож чадаагүй ч, тэндээс хөнгөн цагаан, мөнгө хоёрын холимог мэт харагдах өвөрмөц металлыг олсон байна.
46 жилийн дараа, UFO судлалын хамгийн том байгууллагуудын нэг болох Mutual UFO Network (MUFON) энэ түүхэн домгийг дахин нягтлан шалгахаар шийджээ. Тэр үед Хайдон бүхнийг зохиосон гэх цуурхал өргөн тархсан байлаа.
Хайдоны нийтлэл гарсанаас хойш Орора хот дараалан тохиолдсон олон азгүй явдлаас болж хүндхэн бэрхшээлүүдтэй тулгарч эхэлсэн байна. Тухайлбал, тухайн өвөл хижиг өвчнөөр хэд хэдэн оршин суугч амиа алдаж, хөвөнгийн ургац сүйдсэн, мөн хотод баригдах ёстой байсан төмөр замын төсөл санхүүгийн хүндрэлээс болж зогсжээ. Зарим хүмүүсийн үзэж байснаар, нутгийн хөвөнгийн худалдаачин Хайдонтой нийлж энэ бүхнийг зохиож хүмүүсийн анхааралыг татах гэж оролдсон гэж таамагладаг байлаа.
Гэсэн хэдий ч MUFON-ийн мөрдөгчид хачирхалтай, анхаарал татахуйц нотолгоонууд олсон нь тухайн үед үнэхээр ер бусын зүйл болсон байж болзошгүй гэж бодоход хүргэжээ.

MUFON-ийн мэдээлэлд дурдсанаар, Техасын салбарын захирал Билл Кейс хоёр хүнийг олсон бөгөөд тэдний эцэг эх нь Хайдоны нийтлэлд бичигдсэн үйл явдлыг өөрийн нүдээр харсан гэж хэлжээ.
Эхний хүн бол Мэри Эванс хэмээх эмэгтэй. Тэр хэлэхдээ, тухайн үед 15 настай байсан бөгөөд эцэг эх нь ослын газар руу очоод гэртээ ирэхдээ дэлбэрэлтийн тухай болон ослоор амиа алдсан жижиг биетэй хүний тухай өөрт нь ярьсан гэжээ. Түүнчлэн эцэг эх нь уг хүний цогцосыг нутгийн оршуулгын газарт оршуулсан гэж хэлсэн байна.
Хоёр дахь гэрч нь Чарли Стивенс гэх эр байсан бөгөөд түүний аав нисдэг хөлөг сүйрэхийг өөрийн нүдээр харсан гэж хэлжээ. Мөн ослын улмаас асар том гал гарч, тэр гал гурван милийн цаанаас ч харагдаж байсан гэж хэлжээ.
Гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн MUFON-ийн судлаачид осол болсон байж болзошгүй газрыг олжээ. Тэд тухайн газрын цацрагийн хэмжээг шалгахад хэвийн түвшинд байсан байна.
Мөн судлаачид металл илрүүлэгч ашиглан газрын дороос жижиг металл хэлтэрхий олсон нь үнэхээр ямар нэгэн зүйл осолдож, салхин тээрмийн зүүн талд орших хоёр гурван акр газарт хог хаягдал тархсан байж магадгүйг илтгэж байв.
Тэдний олсон нэгэн металл хэсэг онцгой анхаарал татсан байна. Нууцлаг металл хэсэг нь ойролцоогоор 10 см зузаан хөрсний давхаргын доороос олдсон ба тухайн үедээ газар руу нэвт орж, шохойн чулуутай хаданд мөргөлдөж байхдаа хайлсан байсан бололтой гэж дүгнэжээ.
Шинжилгээгээр энэ металл нь маш цэвэр хөнгөн цагаан хайлш байсан бөгөөд ердийн үйлдвэрийн хөнгөн цагаан шиг зэсийн үлдэгдэл огт байгаагүй нь сонирхол татсан юм. Мөн энэ металл нь дэлбэрэлтийн үед хэт халууныг туулж яваандаа халуун нь алга болж хөрсөн болох нь тогтоогджээ.

Дараагийн MUFON-ийн мөрдөн шалгах шат нь UFO нисгэгчийн олдворыг олох байсан юм. Тэд гурвалжин болон хэд хэдэн дугуй хэлбэртэй сийлбэртэй булшны чулуу олжээ. Энэ сийлбэр нь нисдэг хөлгийн дүрс байж магадгүй гэж үзэж байв. Мөн металл илрүүлэгч энэ газарт хөрсний доор металл байгааг илрүүлсэн нь их сонин. Тиймээс тэд олон тооны булшыг ухаж гаргах хүсэлтэй байлаа.

Булшнаас цогцосийг гаргах хүсэлт гаргасан ч нутгийнхан хатуу эсэргүүцэж, судлаачдыг оршуулгын газарт орохыг хориглосон аж. MUFON-ийн мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа тэр булшны чулуу алга болж, цогцос хаана байгаа нь үл мэдэгдэх байдлаар алга болжээ.
2007 онд Houston Chronicle сонинд гарсан нийтлэлд, Орора хотын бизнес эрхлэгч Карен Тедроу тухайн үеийн талаар ярихдаа хотын оршин суугчдын ийнхүү татгалзаж байгааг дэмжиж бас ойлгож байгааг ярьжээ.
“Миний эцэг эх тэнд оршуулагдсан, тэдгээрийг ухаж гарахыг хүсэхгүй байна. Хүн эсвэл харийн биет байсан ч амар амгалан тайван нойрсохыг нь зөвшөөрөх хэрэгтэй.” гэжээ.
Эцэст нь, MUFON-ийн мөрдөгчид энэхүү кэйсийг хааж төсөөлөөгүй үр дүнд хүрч энэ түүхийг худал хуурмаг зүйл гэж үзэхэд хангалттай нотолгоо байхгүй гэдгийг тогтоожээ.