Сансарт ниссэн сармагчинд юу тохиолдсон бэ?
Америкийн анхны сансрын нисгэгч Алан Шепардын замыг хэн ч төсөөлөөгүй амьтан засч өгсөн юм. 1961 оны нэгдүгээр сарын 31-нд Хам гэдэг нэртэй астрошимп буюу сармагчин Флорида мужийн Кейп Канавералд байрлах Меркури-Редстоун пуужин дээр суулгагдан сансарт ниссэн. NASA Хамыг баатар гэж үнэлдэг ч түүний амжилт нь хүсээгүй, албадан гаргасан золиосны үр дүн байсан юм.

1950-аад онд хүний бие сансарт тэсвэртэй эсэх нь тодорхойгүй байсан. 1957 онд Зөвлөлт холбоот улс Лайка гэдэг нохойг Спутник-2 хиймэл дагуул дээр сансарт илгээсэн. Лайка нислэгийн үеэр нас барсан ч үүний шалтгаан нь сансрын аяллаас бус дулаан хэт халснаас болж байсан юм. Ингээд АНУ сансарт туршилт хийхдээ хүний хамгийн ойролцоо төрхтэй сармагчин болох шимпанзе дээр төвлөрсөн.

Хамын түүх 1957 оны орчим Камерун улсын Төв Африкийн бүс нутагт эхэлдэг. Хам төрсний дараахан АНУ-ын Агаарын хүчин Камерун ойгоос шимпанзе барих цоохорчуудаа илгээсэн. Гуравхан жилийн дараа Хам тэргүүтэй 12 гаруй амьтан Африкаас Америкт иржээ. АНУ-д ирсний дараа эдгээр амьтдыг Нью-Мексико мужийн Аламогордо хотын ойролцоо байрлах Холломан агаарын цэргийн бааз руу аваачиж, тэднийг “сансрын шимпанзе сургууль”-д оруулсан байна.
Шимпанзе сансрын сургуулийн амьдрал
Холломан агаарын цэргийн баазад нийт 65 шимпанзе сургуульд хамрагджээ. Эдгээр шимпанзе 1959 оны хавар сургалтаа эхэлсэн бөгөөд энэ нь Меркури сансрын нисгэгчидтэй зэрэгцэн байв. Энд тэднийг "сургах" буюу зөв үйлдлийг шагнаж, буруу үйлдлийг шийтгэдэг сургалтаар бэлтгэж байв.

Шимпанзегийн сурч байсан удирдлагын самбар дээр хоёр бариул, хоёр гэрэл байв. Тэдний үүрэг нь цагаан гэрэл асахад баруун гарын бариулыг татах, харин хөх гэрэл асахад зүүн гарын бариулыг татах ёстой байлаа. Зөв даалгавар биелүүлэхэд гадил, амттанаар урамшуулж өгдөг байсан бол буруу хийхэд тавхайн доороос нь цахилгаанд цохиулдаг байв. Мөн амьтад сансрын нислэгт бэлтгэж г-механик хүч болон жингүйдлийг дуурайлган үздэг байв.
Холломан агаарын цэргийн баазад “Subject 65” буюу Хам нэрээрээ танигдсан сансарын сармагчин Хам сургалтандаа гайхалтай сайн байсан. Тэр бие бялдрын хувьд эрүүл чийрэг, өөрийг нь “суудал”-д бэхлэхэд тухтай байж, бариул татах даалгаврыг хурдан сурсан юм. Туршилт, сургалтын үеэр сансарт нисэх боломжтой шимпанзе амьтдын тоо 18-аас зургаа болж цөөлөгдөв, тэдгээрийн нэг нь Хам байв. 1961 оны нэгдүгээр сарын 2-нд эдгээр сармагчингуудаас зургааг нь Холломан баазаас Флоридагийн Кэйп Канаверал руу шилжүүлсэн.
Кэйп Канавералд сансарт хэнийг илгээхийг шийдэх нэмэлт туршилтаа үргэлжлүүлэв. Меркури капсулын загваруудыг хоёр бүлэгт зориулан бүтээж, зургаан шимпанзе өдөр бүр янз бүрийн мотор ажиллагааны дасгалуудыг 29 удаагийн сургалтын хичээлээр гүйцэтгэж байв. Тэгээд нислэгийн өмнөх өдөр Хамыг сансарт илгээх шимпанзе амьтан болгон сонгосон юм.

Сансарт ниссэн анхны хүн төст амьтан
1961 оны 1-р сарын 31-нд Хам мини сансрын хувцас өмсөөд пуужинд суун Кэйп Канавералаас хөөрсөн юм. Түүний нислэг ойролцоогоор 16 минут үргэлжилсэн. Энэ хугацаанд Хам ойролцоогоор цагт 9000 км хурдтайгаар аялж, 6 хагас минут орчим жингүйдлийг мэдэрсэн байна. Нислэгийн үеэр Хам тодорхой даалгавар буюу, "хөшүүрэг татах" ёстой байсан. Гадаад орчны дарамт их байсан ч, тэр даалгавраа амжилттай биелүүлжээ.
Нислэгийн дараа Хамын капсул буух байрлалаасаа 130 милийн (210 км орчим) зайд далайд газардав. Гэвч капсул ус нэвтэрч эхэлсэн тул аврах ажиллагаа хэдэн цаг үргэлжилсэн. Гэсэн ч гайхалтай нь Хам амьд, бүр тайван байдалтай байсан. Эцэст нь USS Donner аврах хөлөг дээр очоод, хөлгийн даргатай гар барьж, алим шагналд нь авч идсэн байна.

Хам “сандлаасаа” (сансрын капсул доторх суудал) чөлөөлөгдмөгц инээмсэглэж, баяртай байгаа мэт харагдсан. Гэвч сармагчин судлаач Жэйн Гудолл сүүлд нь түүнийг аврагдаж байгаа бичлэг, зургийг хараад, "Би хэзээ ч ийм их айдастай сармагчны царай харж байгаагүй” хэмээн дурссан байдаг.
Олон хүн Хамын инээмсэглэлийг баярлаж байгаа гэж бодсон ч үнэндээ тэр нь айдас, цочирдлын илэрхийлэл байжээ. Нислэгийн дараа Хам богино хугацаанд од болж, олон сэтгүүл түүний тухай нийтлэл гаргасан. Гэвч зурагчид Хамыг дахин “сандал”-даа суулган зургаа авахуулахыг хүсэхэд, тэр маш их сандарч, айж эхэлсэн. Энэ зураг авалтын үеэр Хам “сандал”-даа буцаж суухаас татгалзсан ба хэд хэдэн хүн хүчээр суулгах гээд чадаагүй гэдэг.

Сансрын нислэгийн дараа Хам амьдралынхаа бараг 20 жилийг АНУ-ын Вашингтон хот дахь Үндэсний амьтны хүрээлэнд ганцаараа өнгөрөөсөн. Хожим нь түүнийг Хойд Каролинагийн амьтны хүрээлэнд шилжүүлж, бусад шимпанзе нарын дунд амьдруулах болсон.
Бусад “сансрын сармагчин”-аас ялгаатай нь, Хамыг анагаах ухааны олон арван жилийн туршилтад ашиглаагүй. Гэхдээ энэ нь түүнийг бараг 20 жилийн турш ганцааранг нь хорьж байсан гэдгийг зөвтгөхгүй.

Хам 1983 онд, шимпанзе-гийн насанд бол залуудаа буюу ойролцоогоор 25 насандаа нас барсан. Нас барахад нь түүний арьсыг чихмэл болгон, Вашингтоны Агаар ба Сансрын Музейд тавих санал гарсан ч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Эцэст нь түүнийг Шинэ Мексико мужийн Аламогордо хотод байрлах Олон Улсын Сансрын Алдрын Танхимд оршуулсан. Гэвч АНУ-ын Агаарын Цэрэг түүний яснуудыг "шинжлэх ухааны үнэ цэнтэй" гэж үзэн хадгалахаар болсон.
Сансрын сармагчин Хам бол сансрын хөлгийг туршиж хөөрсөн анхны хүн төрлөхтөнд хамгийн ойр амьтан байлаа. Тэрээр хүн сансарт ажиллах боломжтой гэдгийг нотолсон юм. Гэсэн ч Хам амь насыг нь эрсдэлд оруулсан туршилтуудад оролцож, амьдралынхаа олон жилийг ганцаардалд өнгөрөөсөн бөгөөд нас барсных нь дараа ч түүнийг хүмүүс бүрэн тайван байлгаж чадаагүй. Түүнийг бид баатар гэж дурсах хэрэгтэй, гэхдээ тэр Сансрын өрсөлдөөний үеийн албадмал золиос байсан гэдгийг ч бас мартаж болохгүй.