Шинжлэх ухааны туршилт дээр суурилсан "Сүнстэй өрөө"
Лондон бол “сүнс ангуучлагчдын мөрөөдлийн хот” гэж нэрлэгддэг. Хар тахлын үеийн нийтийн булш, Жэк цавчуурын сүүлчийн хохирогч амьд байсан гэж сэжиглэгддэг паб зэрэг олон сэжигтэй, сүнстэй гэж үздэг сонирхолтой газар байдаг.
Гэвч 2000-аад оны эхээр Лондон хотын хойд хэсэгт байрлах нэгэн жижиг байшингийн нэг давхрын зочны өрөө хамгийн “аймшигтай” газруудын нэг байлаа. Тэнд орсон хүмүүс далдын хүч мэдэрч, толгой эргэж, бүр айдаст автдаг байсан гэж яригддаг байв.

Гэхдээ энэ байшинд өмнө нь ямар ч аймшигтай гэмт хэрэг эсвэл аллага болоогүй байлаа. Харин хүмүүсийн сүнстэй учирсан гэж ярьдаг тэр бүх хачин мэдрэмжүүд нь үнэндээ гаднын физик орчны нөлөөнөөс үүдэлтэй байж магадгүй гэдэг сэдвээр хийгдэж байсан шинжлэх ухааны туршилтын нэг хэсэг байжээ.
Сүүлийн хэдэн арван жилд үл итгэгчид буюу сүнс, сүнслэг зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлахыг хүсдэг хүмүүс олон онол дэвшүүлж, зарим нь үнэхээр боломжтой мэт санагдана.
Жишээлбэл, 1921 онд Америкийн Нүд судлалын сэтгүүлд нүүрстөрөгчийн дутуу исэлд хордсон хоёр тохиолдлыг нийтэлсэн бөгөөд тухайн хүмүүсийн сэтгэл зүйн байдал өөрчлөгдөж, хий үзэгдэл харж, ухаан нь самуурсан зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Тухайн оны Британийн Анагаах Ухааны Сэтгүүлд энэ талаар “Зарим хэсэг нь яг л сүнстэй аймшгийн түүх мэт санагдах ч, ‘сүнс’ гэх ойлголтын цаад учрыг тайлбарласан” гэж тэмдэглэжээ.
Сүүлийн үед ч ийм жишээ гарчээ. Зохиолч Кэрри Поппи өөрийн гэрт сүнстэй таарсан гэж бодсон ч, эцэст нь энэ нь агаарын шугамд нүүрстөрөгчийн дутуу ислийн алдагдал буюу амь насанд аюултай хий алдагдсантай холбоотой болох нь тогтоогдсон юм.
Энэ хий алдагдал нь “сүнстэй” гэх үзэгдлийн цорын ганц шалтгаан биш юм. 1980-аад онд инженер, компьютерын шинжлэх ухааны мэргэжилтэн Вик Тэнди өөрийн лабораторид байнга тайлбарлашгүй айдас мэдэрч, бүр сүүдэр мэт дүрсүүдийг хардаг байжээ. Тэр зөвхөн судлаач төдийгүй туялзуур сэлмээр хичээллэдэг хүн байсан юм. Нэг өдөр тэр лаборатор руугаа сэлмээ авч орж, сэлэм нь үл ялиг чичирч байгааг анзаарсан байна.
Тэрээр лабораторид шинэ агааржуулагч сэнс суурилуулсныг гэнэт санажээ. Сэнсийг унтраахад сэлмийн чичиргээ зогсож, мөн түүнд төрж байсан “сүнсний” мэдрэмжүүд ч алга болсон байна.
1998 онд Вик Тэнди өөрийн таамгийг нийтэлсэн бөгөөд түүндээ хүний чихэнд сонсогдохгүй маш бага давтамжтай дууны долгион болох инфрасаунд зарим нөхцөлд хүнийг айдаст автуулж, сүүдэр мэт дүрс харуулах шалтгаан болж болохыг онцолсон байна.
2000-аад оны эхээр Голдсмитс их сургуулийн сэтгэл судлалын профессор Крис Френч (одоогоор тэтгэвэрт гарсан) болон уран бүтээлч, архитектор Усман Хак нар сүнстэй гэх үзэгдэл нь инфрасаунд болон дэлхийн соронзон орны хэлбэлзэлтэй холбоотой байж болох тухай ярилцаж эхэлсэн. Эдгээр үзэгдэл нь хүний тархины цахилгаан соронзон үйл ажиллагаанд нөлөөлж, зарим хачин, айдас төрүүлэх мэдрэмжийг үүсгэж магадгүй гэж Вик Тэндигийн таамаг дээр тулгуурлан дүгнэжээ. Ингэснээр тэд “хий үзэгдлийн” шалтгааныг шинжлэх ухааны аргаар тогтоохоор туршилт хийхээр төлөвлөсөн байна.
"Хэрвээ бидний таамгууд үнэн бол яах вэ? Инфрасаунд ба цахилгаан соронзон орон ашиглан хиймэл 'Сүнстэй өрөө' байгуулж, хүмүүсийг айлгаж чадах эсэхийг туршиж үзэх сонирхолтой биш гэж үү?" гэж бодож, тэд энэ туршилтыг хийхээр шийдсэн гэж Френч эргэн дурсан ярьжээ.

Френч, Хаак хоёр хэдэн долоо хоногийн турш Хаакын ээжийн хойд Лондон дахь байшингийн нэг давхрын урд өрөөг ашиглажээ. Френчийн хэлснээр, “Бид тусгайлан бүтээсэн дугуй хэлбэртэй өрөө бүтээсэн.” Тус цагаан, хоосон өрөөнд цахилгаан соронзон орон болон инфрасаунд үүсгэдэг нууц төхөөрөмжүүдийг байрлуулсан байна.
Ингээд тэд нийт 79 хүнийг уг өрөөнд оруулан, ямар нэгэн хачирхалтай зүйл мэдэрч байгаа эсэхийг ажигласан байна.
Ёс зүйн үүднээс, судлаачид хүмүүсийг ямар ч урьдчилан мэдэгдэлгүйгээр айдас төрүүлэм орчинд оруулах боломжгүй байв. Тиймээс туршилтад оролцогчдод цахилгаан соронзон орон болон инфрасаунд тэнд байж болохыг тайлбарлаж, эдгээр нь тэдэнд нөлөөлж магадгүй эсвэл огт нөлөөлөхгүй байж болохыг урьдчилан хэлж, тэдэнд ер бусын мэдрэмж төрж болзошгүйг анхааруулан зөвшөөрөл авсан байна.
Туршилтын дараа Френч “Үнэхээр олон хүн ямар нэгэн зүйл мэдэрсэн” гэж хэлжээ.
“Нийт туршилтад оролцогчдын тавны нэгээс илүү хувь нь хэн нэгэн тэдэнтэй хамт байгаа мэт мэдрэмж төрсөн гэж хэлсэн. Мөн олон хүн толгой эргэж байгаа мэт мэдрэмж авчээ.”
Мөн туршилтад оролцогчдын найман хувь нь “айдаст автсан” мэдрэмж авсан гэж дурдсан нь бидний огт төсөөлөөгүй үр дүн байсан гэж тэр нэмж хэлэв.

“Сүнстэй өрөө”-ний цахилгаан соронзон хэлбэлзэл болон инфрасаунд нь хүмүүсийг айдаст автуулж болохыг харсан. “Анх бид маш их сэтгэл хөдөлсөн,” гэж Френч хэлэв. Гэвч туршилтын үр дүнг судалсны дараа нэг сонин зүйл анзаарагджээ. Судалгааны дүнгээр цахилгаан соронзон орон эсвэл инфрасаунд асаалттай эсэх нь хүмүүсийн ер бусын мэдрэмжид нөлөөлөөгүй байв. Харин хүмүүсийн мэдэрсэн сонин зүйлс нь туршилтад оролцогчдын сэтгэл зүйн онцлогоос, тэр дундаа тэдний итгэмтгий байдлаас хамаарч гарсан болох нь судалгааны асуулгад өгсөн хариултаас илэрсэн байна.
Френч хэлэхдээ, “Хамгийн энгийн тайлбар гэвэл, зарим хүмүүсийг ‘Хэрвээ чи өрөөнд орвол хачин зүйлс мэдрэх магадлалтай’ гэж хэлбэл, итгэмтгий хүмүүс үнэхээр тийм зүйлс мэдэрсэн гэж хэлдэг” гэжээ. Судалгаагаар инфрасаунд ба цахилгаан соронзон хэлбэлзэл нь хүмүүсийг сүнс харсан мэт болгох магадлал нь хэн нэгэнд ‘сүнс харах магадлалтай’ гэж хэлэхээс бага байсан аж. “Энэ нь сэтгэл зүйн хувьд сонирхолтой ч, соронзон орны талаарх үр дүн илүү гарсан бол илүү сонирхолтой байх байсан” гэж Френч нэмж хэлсэн байна.
“Сүнстэй өрөө”-ний туршилт инфрасаунд болон цахилгаан соронзон хэлбэлзэл нь сүнс харах, айдас төрүүлэх гол шалтгаан биш гэдгийг харуулсан ч, судлаачид одоо ч сүнстэй холбоотой орчны бусад хүчин зүйлсийг судлах сонирхолтой хэвээр байна.
Кларксон их сургуулийн орчны инженерийн профессор Шейн Роджерс гэр бүлд нь мөөгөнцрийн улмаас гарсан туршлагаас санаа авч, “сүнстэй” гэж яригддаг газруудыг судлахаар шийджээ. Мөөгөнцөр зэрэг харшлын зүйлд өртөхөд түүний хүүхдүүд уур уцаартай, айдаст автах нь элбэг байсан байна.
Роджерс мөөгөнцөртэй холбоотой ямар нэгэн үр дүн олж магадгүй гэж үзжээ. Жишээлбэл, 2019 онд Финландын эмнэлэгт ажиллагсдын дунд хийсэн судалгаагаар ногоон хар өнгөтэй Стахиботрис чартарам мөөгөнцөрт удаан хугацаагаар өртөх нь мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлж, гэмтэл учруулах магадлалтай гэж тогтоосон байна. Мөн 2021 онд хулганууд дээр хийсэн судалгаагаар мөөгөнцрийн тоосонцор нь мэдрэлийн, оюун ухааны болон сэтгэл хөдлөлийн асуудал үүсгэдгийг баталжээ.
“Би үргэлж сүнстэй газруудад очиж мөөгөнцрийн байдал ямар байгааг шалгаад, ямар нэг холбоо байгаа эсэхийг олж мэдэх нь үнэхээр сонирхолтой байх гэж боддог байсан” гэж Роджерс хэлжээ.
Роджерс болон түүний оюутнууд судалгаагаа эхлүүлж “сүнстэй” газруудын жагсаалтыг авахын тулд сүнс ангуучлах төрлийн телевизийн нэвтрүүлгүүдэд ханджээ. 2010-аад оны үед тэд ойролцоогоор 20 орчим газрыг судалсан бөгөөд тэдгээр нь сүнстэй гэж үздэг газар болон ердийн газруудыг хослуулсан байв. Судалгааны явцад тэд тус бүрийн газраас агаарыг дээжлэн авч, агаарт орших тоосонцрын хэмжээг болон тоог тодорхойлжээ. Роджерс “Энэ нь яг мөөгөнцрийн тоосонцрыг тодорхойлдоггүй ч, агаараар амьсгалах боломжтой ямар нэгэн тоосонцор байгааг харуулдаг” гэж хэлсэн байна.
Роджерсийн судалгаа одоогоор мэргэжлийн үнэлгээ аваагүй ч түүний анхны үр дүн сонирхолтой байна. Роджерс хэлэхдээ, “Сүнстэй гэж нэрлэгддэг газрууд болон бусад газруудын мөөгөнцрийн хэмжээ тодорхой ялгаатай байна.” Дээжүүдийн тоосонцрын хэмжээг судлахад, “Сүнстэй гэж мэдээлэгдсэн газруудад мөөгөнцрийн тоосонцор ойролцоогоор тав дахин, бүр зургаан дахин их байна” гэжээ.
"Зарим аймшигт түүхүүд зүгээр л ямар ч тайлбаргүй үлддэг"
Рожерсийн судалгаа одоогоор мэргэжлийн үнэлгээ, баталгааг аваагүй байгаа ч эхний үр дүн нь сонирхол татаж байна. Тэрээр “Сүнстэй гэж үздэг газруудад мөөгөнцрийн илэрц энгийн газруудаас тодорхой хэмжээгээр илүү байгаа нь мэдэгдэж байна” гэж хэлжээ. Хэмжилт хийж цуглуулсан дээжүүдийн тоосонцрын хэмжээг судлахад “сүнстэй гэж нэрлэгдсэн газруудад мөөгөнцрийн тоосонцор ойролцоогоор тав, зургаа дахин их илэрсэн” гэж Рожерс хэлсэн байна.
Хортой мөөгөнцөр, инфрасаунд, нүүрстөрөгчийн дутуу исэлд хордох, цахилгаан соронзон хэлбэлзэл зэрэг байгаль орчны хүчин зүйлс нь хий үзэгдэлтэй холбоотой үзэгдлийг тайлбарлах боломжтой бодит шалтгаанууд мэт санагдаж болох ч, Крис Френч энэ талаар эргэлзсэн хэвээрээ байна. Тэрээр ийм төрлийн гадаад хүчин зүйлс нь маш цөөн тохиолдолд л нөлөө үзүүлдэг байж магадгүй гэж үздэг. Харин илүү магадлалтай тайлбарууд нь нойрны саажилт, хоосон дурсамж, бүр хий зүйл харж сонсох зэрэг мэдрэлийн болон сэтгэл зүйн хүчин зүйлс бөгөөд эдгээр нь “сэтгэцийн ямар нэг өвчингүй, эрүүл хүмүүст ч бодож байснаас хавьгүй түгээмэл” гэж Френч онцолжээ.
“Хий зүйл мэдрэх” гэдэг нь мэдрэлийн болон сэтгэл зүйн механизмын гажиг байж магадгүй гэдэг тайлбар нь заримдаа байгаль орчны шалтгаантай байх магадлалаас ч илүү айдас төрүүлж болзошгүй. Учир нь, хэрэв хий зүйл харсан шалтгаан нь нүүрстөрөгчийн хий алдагдсан эсвэл мөөгөнцөртэй өрөө байсан бол “би зүгээр” гэж тайвширч болно. Харин хүний оюун ухаанд өөр асуудал байгаа гэсэн санаа нь илүү сэтгэл түгшээм, амаргүй ойлголт юм.
Гэвч заримдаа “сүнстэй өрөө”-тэй холбоотой туршилт, мөн тархины үйл ажиллагаанд тулгуурласан онолууд ч далд хүч мэдэрсэн гэдэг тохиолдлуудыг бүрэн тайлбарлаж чадахгүй байна. Зарим аймшигт түүхүүд зүгээр л логик тайлбаргүй үлддэг гэж Френч хэлсэн. “Бид бүх зүйлийг тайлбарлаж чадна гэж бодохын оронд, зарим тохиолдолд тайлбарлах аргагүй зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж тэр нэмж хэлэв.