Сүнсний ангууч поп од, Кеша
"Би сүнсийг анх 6 настайдаа харж байсан."
Бага байхад манайх их нүүдэллэдэг байсан ч энэ явдал Нэшвиллд амьдарч байх үед болсон. Би гэрийнхээ зочны өрөөнд байсан юм. Гэтэл цонхоор гэрэлтэй нэгэн бөмбөлөг орж ирээд агаарт хөвж эхэлсэн. Тэр мөчид л энэ миний эмээ байна гэдгийг шууд ойлгосон.
Эмээ маань намайг жаахан байхад бурхан болсон ч, бидний хооронд сэтгэлийн нэгэн холбоо үргэлж байдаг мэт санагддаг байлаа. Тэр үнэхээр хөгжилтэй, гадаа байгальд гарах дуртай, бидэнд цэцэг тарих, амьтад хайрлахын чухлыг заадаг хүн байсан. Тэр надад эмэгтэй хүн ямар байх, уруулын будаг яаж түрхэх, өндөр өсгийт өмсөх, зөөлөн уужуу зангаа яаж хадгалахыг хүртэл заадаг байв. Тэр бол үнэхээр гайхалтай, энэрэнгүй сэтгэлтэй хүн байсан.
Тэр өдөр гэрэлтэй бөмбөлөг орж ирэхийг харангуут л энэ эмээ минь байна гэдгийг шууд мэдэрсэн. Яг л амьдрал дээр хайртай хүнээ хараад таньдаг шиг. Би жаахан байсан болохоор ямар ч эргэлзээ, айдас төрөөгүй. Энэ мэдрэмж маш тайван, нам гүм, сайхан байсан. Ямар ч чимээ, орилоон байгаагүй.
Өсөж том болохын хэрээр надтай олон хачин, ойлгомжгүй зүйл тохиолддог болсон. Тухайн үедээ би энэ бүгдийг сүнслэг зүйлтэй холбож боддоггүй байсан ч, дараа нь эргээд бодоход тэр бүхэн энгийн зүйл биш байж ч мэднэ. Ахлах сургуульд байхдаа би хамгийн сайн найз Сэмтэйгээ хамт шөнө оршуулгын газар руу Оужа самбар авч очдог байсан. Бусад хүүхдүүд үдэшлэгт оролцож, болзоонд явах гэж байхад бид хоёр сүнстэй холбогдох гэж оролдож суудаг байв.
Хэдэн жилийн дараа, 19 настайдаа би дахин нэг хачирхалтай зүйлтэй таарсан. Энэ удаад өмнөх шигээ эмээтэйгээ биш. Хуучин найз залуу бид хоёр Техасын Форт Уөрт хотоор явж байгаад хоноглох газар хайгаад, Мисс Моллигийн зочид буудал гэдэг зочид буудалд орсон. Шөнө 3-4 цагийн үед хэн нэгэн миний биед зөөлөн хүрч байгаа мэт мэдрэгдээд, би цочоод сэрсэн.

Нүдээ нээгээд орныхоо хөл рүү харсан чинь нэг эмэгтэй зогсож байсан. Тэр аймшигтай биш, аюултай ч биш байсан. Зүгээр л шөнө над дээр “зочилсон” мэт. Би огтхон ч айгаагүй.
Нохой толь руу харахдаа өөрийгөө ойлгохгүй толгойгоо хазайлгадаг даа? Тэрэнтэй адил, чи ямар нэг шинэ, тайлбарлагдахгүй зүйл харж байгаа ч, тэр нь аймшигтай биш, зүгээр л шинэ мэдрэмж. Энэ явдлаас хойш би энэ ертөнц дээр тайлбарлаж чадахгүй олон зүйлс бидэнтэй оршдог юм байна гэж боддог болсон.
Хэдэн жилийн дараа би тэр буудалд дахин очсон. Тэгээд илүү их мэдээлэлтэй болсон, энэ газар урьд нь биеэ үнэлэгчдийн газар байсан юм байна лээ. Буудлын эзэд ч бас залуу эмэгтэйчүүдийн сүнс үе үе харагддаг гэдгийг баталж хэлсэн. Зарим нэг биеэ үнэлэгчид энэ газраас хэзээ ч яваагүй гэсэн.
Нас нэмэгдэх тусам би сүнслэг, тайлбарлахад хэцүү зүйлд улам илүү татагддаг болсон. Аялан тоглолтоор явахдаа ч, зүгээр аялж явахдаа ч сүнстэй гэж яригддаг газруудыг зориуд сонгодог. Жишээ нь, хөгжимчид болон бүжигчидтэйгээ Йеллоустоун дундуур явж байхдаа, “За залуусаа, энэ газар тэнгэрт гэрэл үзэгддэг, сүнс их байдаг гэж яригддаг юм билээ. Бид энд майхантай хоноглоно. Надтай хамт майханд хонохыг хүсвэл дагаарай” гэж хэлдэг.
Бид ой мод руу орж, тойрон сууж, бясалгаж, ямар нэгэн дохио ирэхийг хүлээдэг. Учир нь ийм зүйлс надад амьд байна гэдэг ямар гайхамшигтай зүйл болохыг сануулдаг.
Гэхдээ дотроо би үргэлж өөрөөсөө асуудаг нэгэн асуулт байдаг, "Энэ үнэхээр бодит зүйл үү?" Энэ эргэлзээ намайг “Конжуринг Кэша” шоугаа хийхэд хүргэсэн. Би энэ бүхэнд одоо эргэлзэхийг хүсэхгүй байна. Мэргэжлийн төхөөрөмж, судлаачидтай хамтарч, эдгээр асуултад хариулт олохыг хүссэн.
Үнэхээр биднээс өөр ямар нэг зүйл оршдог уу?
Бараг бүх ангид надад гүн сүнсний нөлөө үзүүлсэн мөч байсан ч, 6-р анги болох “Descent Into Madness”-д болсон зүйлс одоо ч бодогдоход ар нуруу хүйт оргидог. Би хип-хоп уран бүтээлч Биг Фридагийн хамт Trans-Allegheny Lunatic Asylum хэмээх сэтгэцийн өвчтөнүүдийн хуучин эмнэлэгт очсон. Энэ бол тухайн улирлын сүүлчийн анги байсан.
Бид эмнэлгийн дээврийн хөндийд очсон энд хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр тархины хагалгаа, цахилгаан цочролын эмчилгээ, үр тогтоох чадваргүй болгох мэс ажилбарууд хийдэг байсан. Зарим гэрчүүд энэ газарт могой шиг дуу чимээ гаргадаг, сорогч мэт мөлхдөг, сүүдэртэй нэгэн зүйл харагддаг гэж ярьдаг.

Харанхуй дээврийн хөндий рүү ороход би Фридад хэлсэн:
“Бүх бие хүйт оргиж байна.”
Би дулаан мэдрэгч камер барьж явсан, харин нүдний минь өмнө “Конжуринг Кэша” шоуны бүх ангид ажилласан зураглаач Жэйк явж байсан.
Тэр сүнслэг үзэгдэлтэй холбоотой ажлууд дээр олон жил ажилласан ч, үнэндээ үл итгэгч юм. Аймшигтай гэдгээрээ алдартай газруудад шөнийн цагаар ганцаараа очиж, камеруудаа байрлуулдаг байсан ч хэзээ ч цочиж сандарч үзээгүй.
Харин тэр шөнө, зураг авалтын сүүлчийн шөнө бид зүгээр л эргэн тойрноо харж, ямар нэгэн зүйл болохыг хүлээж байлаа.
Гэтэл гэнэт, дулаан мэдрэгч камер дээр нэгэн мөлхөж буй зүйл гарч ирээд Жэйкийн биерүү авирч, дээш дээвэр рүү хачин байдлаар гулсан гарсан. Бүх зүйл гурван секунд хүрэхгүй хугацаанд болсон.
Тэгэхэд яг тэр мөчид Жэйк камерaa шидээд, орилж эхэлсэн, “Намайг ямар нэг зүйл хазаж байна! Цамцан дотор ямар нэгэн шавьж шиг зүйл байна.” гэв.
Жэйк гурван давхар хувцас өмссөн байсан ч, цамцныхаа ар талыг сөхөөд харсан чинь нурууных нь дагуу гурван гүн зураас гарчихсан байсан.
Харин тэр бичлэгийн үед Жэйк нүдээ эргэлдүүлэн, итгэж ядаж байлаа:
“Энэ бүх зүйл яг одоо, нүдэн дээр минь болж байна гэдэгт итгэж чадахгүй нь. Би ийм юманд ерөөсөө итгэдэггүй ш дээ. Энэ чинь юу вэ ээ?” гээд л...

Хамт явж байсан зөнч Чип Кофи тэр зураасан дээр ариун ус цацсан, тэгтэл зурааснууд шууд алга болсон. Хожим нь би мэдсэн гурван зураас гэдэг нь чөтгөрийн хүч Гэгээн Гурвалын эсрэг дохио, доромжлол болгон ашигладаг шинж тэмдэг ажээ.
Энэ бүх зүйл ердөө 15 секундийн дотор болоод өнгөрсөн ч миний амьдралыг бүрэн өөрчилсөн.
Энэ бодит зүйл надад нэг зүйлийг маш тод ойлгуулсан нь бид энэ орчлонд ямар энерги түгээдэг нь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай, тэр энерги нь цуурай мэт эргэж буцдаг юм байна.
Тэгээд би өөрийгөө эргэцүүлэн бодож эхэлсэн. Миний гаргадаг энерги нь эерэг, хайр дүүрэн, энэрэнгүй, хүлээн зөвшөөрсөн байгаасай гэж хүсдэг болсон.

Энэ бүх зүйл надад өмнө хэзээ ч бодож байгаагүйгээр амьдралдаа тайван, сайхан, үнэнч ул мөр үлдээхийг улам их хүсэх сэдэл өгсөн.
Kesha нь “Praying” болон “Tik Tok” дуунуудаараа алдаршсан, Грэмми шагналд нэр дэвшиж байсан дуучин юм. Тэрээр 2022 онд discovery+ ба Travel Channel дээр цацагдсан “Конжуринг Кэша” шоуны хөтлөгч, гүйцэтгэх продюсероор ажилласан поп од юм.