Үхлийг хуурах гэж оролдсон эрдэмтэн Роберт Э. Корниш
"Би цусыг дахин урсгаж, түүгээр нь хамаг амьсгалыг, улмаар амьдралыг сэргээх томъёог олох болно!"

Энэ бол 1930-аад оны Life Returns хэмээх кинонд гардаг Доктор Жон Кендрик хэмээх дүрийн хэлдэг үг юм. Кендрик бол уран зохиолын дүр ч, тэр дүр нь бодит хүн дээр үндэслэгдсэн. Тэр хүн бол Беркли дэх эрдэмтэн Роберт Э. Корниш бөгөөд үхлийг дийлж чадна гэж зарлаж, олны анхааралд өртсөн нэгэн байв.

Корнишийн эрдэм шинжилгээний ажил их ирээдүйтэй эхэлсэн. Тэр бол суут хүүхэд байсан бөгөөд 18 насандаа Калифорнийн их сургуулийг онц дүнтэй төгсөж, 22 насандаа докторын зэрэг хүртжээ. Улмаар Калифорнийн их сургуулийн Туршилтын Биологийн Хүрээлэнд ажилд орж, сонин сонин төслүүд дээр ажиллаж байв. Жишээ нь сонины үсгийг усан дотор унших боломжтой болгох линз бүтээх. Гэхдээ энэ санаа олны сонирхлыг татаж чадаагүй.
Харин 1932 онд, дөнгөж 27 настайдаа, тэрээр үхсэн хүний амийг сэргээх боломжыг хайж эхэлжээ.
“Сэргээх самбар” бол түүний үндсэн төхөөрөмж
Корнишийн гол санаа нь "teeter board" буюу тэнцвэрийн самбар ашиглах явдал байв. Энэ нь үндсэндээ савлуур шиг төхөөрөмж юм.

Тэр бичихдээ:
"Үхсэн биетийг тэнцвэрийн самбарт хүлж, дээш доош хөдөлгөснөөр, цусыг хиймлээр хүчтэй эргэлдүүлж болно" гэжээ.

Түүний онолын гол санаа: Хэрэв саяхан нас барсан, гол эрхтнүүд нь гэмтээгүй бол, цусыг эргүүлэн урсгаж чадвал амьдрал буцаж ирэх бүрэн боломжтой.
1933 онд хийсэн эхний оролдлогууд
Тэр зүрхний шигдээс, живэлт, цахилгаанд цохиулсан хүмүүсийг тэнцвэрийн самбараар амь оруулах гэж оролдсон ч амжилтгүй болов. Гэсэн ч Калифорнийн их сургуульд өгсөн нууц тайланд:
"Зүрхний шигдээсээр нас барсан цогцсыг нэг цаг гаруй савлуулсаны дараа царай нь дулаарч, нүдэнд нь оч орж, амьсгалын хоолойн ойролцоох зөөлөн эд чичирч эхэлсэн" хэмээн бичжээ.
Гэвч тухайн хүн дахин амь орсонгүй.

Үүнээс хойш Корниш хүн дээр туршилт хийхээсээ өмнө эхлээд амьтад дээр туршихаар шийдэв. 1934 онд тэр олон нийтэд зориулсан нохойг амьдруулах цуврал туршилтуудаа зарласан.
Тэрээр дөрвөн фокс терьер үүлдрийн нохойг туршиж, тэдгээрийг Лазар II, III, IV, V гэж нэрлэсэн (Есүсийн амьдруулсан Лазарын нэрээр). Лазар I-ийн хувь заяа тэмдэглэгдээгүй.

Эхлээд нохдыг азот ба эфирийн холимог ашиглан боож үхүүлнэ. (Зүрхний цохилт, амьсгалыг бүрэн зогсооно.)
Дараа нь тэнцвэрийн самбар, хиймэл амьсгал, адреналин болон цус шингэлэгч (гепарин) тарилга хослуулан сэргээхийг оролджээ.

Түүний туршилт амжилттай болж, ноход амьдралд эргэн ирсэн. Гэхдээ биеийн байдал нь маш муу байлаа.
Лазар II ба III нь хэдхэн цагийн дараа дахин үхсэн, хэзээ ч ухаан ороогүй. Харин Лазар IV ба V нь нэг сар гаруй амьдарсан. Гэхдээ хараагүй, тархины хүнд гэмтэлтэй болсон. Бусад ноход тэднээс айдаг байсан гэлцдэг.

Хэвлэл мэдээлэл Корнишийн туршилтад анхаарлаа хүчтэй хандуулжээ. Нэг сэтгүүлч Лазар II-ийн тухай бичихдээ:
“Амьгүй бие рүү амьсгал эргэн орж байгааг сонссон... Хөлийн булчин татаж, хожим нь сулхан хуцсан.”
Түүнчлэн Корнишийн гадаад дүр төрхийг ийн дүрсэлжээ, бараан нүд, цонхийсон арьс, хар үстэй төрх нь жинхэнэ "галзуу эрдэмтэн"-ийн дүртэй байлаа.
1935 онд гарсан Life Returns киноны хэсэгт Роберт Э. Корниш туршилт хийж буй бичлэг.
1935 онд Universal компани Life Returns киног бүтээсэн. Кино нь тийм ч сайн байгаагүй ч, Корнишийн бодит туршилтын 5 минутын дүрс багтсан нь түүхэн ач холбогдолтой.
Мөн түүний судалгаанаас сэдэвлэсэн Борис Карлоффын хэд хэдэн кино бүтээгджээ. Тэдгээр нь: The Man with Nine Lives, The Man They Could Not Hang гэх мэт.

1930-аад онд “mad scientist” буюу галзуу эрдэмтний архетип дүр нь шинжлэх ухаан, кино урлагт эрчимтэй гарч ирж байсан үе байв. Корнишийн бараан нүд, цонхийсон царай, шөрмөслөг төрх нь хүмүүсийн төсөөлж байсан айдас төрүүлэм эрдэмтний төрхтэй давхцаж, хэвлэлд ч байнга дурдагддаг байжээ.
Харин олны анхааралыг татсан Корнишийн энэхүү туршилтыг амьтны эрх хамгаалагчдын гомдол, шуугианаас болж их сургууль түүнийг хөөж, бүх харилцаагаа тасалжээ. Түүний туршилт нь тэдний сургуулийн нэр хүндийг унагасан гэж тэд бодож байжээ.

Тэр Беркли дэх гэртээ буцаж суурьшив.
Корниш сүүлийн 13 жил орчмын хугацаанд чимээгүй амьдарсан ч сүүлд нь хөршүүд нь лабораториос оргосон нохой, хонь хардаг болж, түүний байшингийн будаг халцарсан, үл мэдэгдэх утаа гарч байна гэх мэт олон гомдол гаргасан.
1947 онд Корниш дахин анхаарлын төвд эргэн иржээ. Тэр өөрийн арга барилыг бүрэн сайжруулсан гэж зарлав. Шинэ зорилго нь "цаазлагдсан хоригдлыг амьдруулах" байв.
Энэ удаа тэнцвэрийн самбарыг орхиж, вакуум сорогч, радиаторын гуурс, төмөр дугуй, эргэлдэх гулсагч дугуй, 60,000 гутлын үдээсний нүхтэй шилэн гуурсаар бүтээсэн зүрх-уушигны машин ашиглаж байв.
Түүний туршилтад Сан Квентин-ийн үхлийн ялтан Томас МакМонигл сайн дураараа оролцохоор боллоо. Хэрвээ амь орвол шоронгоос гарахгүй гэдэг нөхцөлтэй байв.
Гэвч Калифорни мужийн эрх баригчид уг хүсэлтийг эрс эсэргүүцэн татгалзав.
Ингээд бүрэн ялагдсан Корниш гэртээ эргэн ирж, өөрийн зохион бүтээсэн Dr. Cornish’s Tooth Powder нэртэй шүдний нунтаг зарж амь зуудаг болов.
Тэрээр 1963 онд цус харвалтаар нас барсан. Түүнийг нас барсны дараах орон нутгийн сонинд:
“Беркилийн ахлах сургуульд тогтмол сандааль өмсдөг анхны сурагч байсан” гэж бичсэн нь түүнийг хэзээ ч олонд нийцэж чаддаггүй, онцгой сэтгэгч байсан гэдгийг илтгэнэ.

Ихэнх этгээд туршилт хийдэг эрдэмтдийн адил, Роберт Э. Корнишийг азгүйтэл дагасан. Түүний карьер хүндхэн төгсгөлтэй байсан ч өнөөдөр, 2025 оноос эргэн харахад, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь үнэхээр онцгой байжээ. Хэдийгээр түүнийг сургуулиас хөөж, шинжлэх ухааны ертөнцөөс шахан гаргасан ч, тэр шантралгүй гэрийнхээ лабораторид туршилтаа үргэлжлүүлсээр байсан нь түүнийг анхны “андеграунд” буюу системээс гадуур сэтгэгч эрдэмтдийн нэгэн домог болгосон.
Тухайн үед бүх зүйл түүнийг орхиж байгаа мэт санагдаж байсан ч, хожим нь АНУ-ын сансрын агентлаг НАСА хүртэл түүний туршилтыг сонирхож, судалж байсныг бодоход, Корнишийн хийж байсан ажил ямар хэмжээний анхаарал татаж байсныг харуулж байна.
Түүний боловсруулж байсан “амьдруулах арга” нь өнөөдөр бидний мэдэх зүрх, уушгины хиймэл үйл ажиллагаа болох CPR (Cardiopulmonary Resuscitation) болон ECMO (Extracorporeal Membrane Oxygenation) системүүдтэй санаа, зарчмын хувьд тун ойр. Корнишийн ашигладаг байсан тэнцвэрийн самбар бол тухайн цаг үедээ цусны эргэлтийг хиймлээр сэргээх оролдлого байсан бөгөөд орчин үеийн эмнэлгийн технологийн хөгжлийн суурь болсон туршлагуудын нэг хэмээн үнэлэгдэх болсон юм.