Үнсгэлжин алуурчин байсан уу?

Admin Домог, түүх 2025 оны 7 сарын 22 Уншсан: 0

Ихэнх хүмүүс Үнсгэлжинг 1950 онд гарсан Диснейн хүүхэлдэйн киноны хувилбараар санадаг. Гэвч ядуугаас баян болсон, гээсэн шаахайн тухай маш олон үлгэр Грек, Ромын үеэс олон хувилбараар яригдаж байв.
Харин зарим эртний хувилбар нь Дисней кино шиг огтхон ч үлгэрийн мэт биш бөгөөд биеийн хэсгийг нь тайрах, шувуугаар сохлуулах, бүр Үнсгэлжин өөрөө алуурчин байх тохиолдол цөөнгүй.

Үнсгэлжингийн эртний хувилбарууд

Грекийн газарзүйч Страбо өөрийн Географика номдоо Үнсгэлжингийн хамгийн эртний хувилбаруудын нэгийг оруулсан байдаг. Гол дүрийн баатар бол Родопис гэх бүсгүй бөгөөд тэрээр боол байсан ч чөлөөлөгдөөд биеэ үнэлэгч болжээ.

Страбо нь Понтусын Амазея (одоогийн Туркийн Амасиа) хотын баян гэр бүлд төрсөн бөгөөд тэрээр өөрийн Географика (“Географи”) хэмээх бүтээлээрээ алдартай. Энэ ном нь тухайн цаг үеийн дэлхийн янз бүрийн бүс нутгийн хүмүүс, газар нутгуудын түүхийг дүрслэн өгүүлдэг байв. (Photo Credit: Pictures From History/Universal Images Group via Getty Images)
“Нэгэн өдөр усанд орж байсан биеэ үнэлэгч бүсгүйн гарнаас бүргэд шаахайг нь шүүрэн авч, Мемфис рүү нисчээ. Тэр үед хаан гадаа хуралдаж байсан бөгөөд бүргэд түүний толгой дээгүүр нисэн ирж, шаахайг өвөр дээр нь унагаав. Хаан уг гэнэтийн зүйлд цочирдон, мөн шаахайн гоёмсог байдлыг хараад түүнийг өмсөж байсан эмэгтэйг олохын тулд улс даяар эрэлд мордуулжээ. Эцэст нь түүнийг Наукратис хотоос олж, Мемфист авчирсан ба боол бүсгүй хааны эхнэр болж төгсдөг.”

Фокеягийн Аспасия нь Ромын зохиолч Элианы бичсэн Varia Storia номд гардаг түүхийн баатар юм. Энэ хувилбар нь өнөөдөр бидний мэдэх Европын Үнсгэлжинтэй арай илүү төстэй. Нэгэн эх сурвалж дараах байдлаар хураангуйлжээ:

"Фокеягийн Аспасия бүсгүйг эх нь төрүүлж байхдаа нас баржээ. Түүнээс хойш тэрээр ядуу амьдралаар эцэгтэйгээ өсдөг. Өсөхийн хэрээр бүсгүй нэг л өдөр язгууртан эртэй сууна гэж мөрөөддөг байлаа. Гэвч нэгэн өдөр царай дээр нь үү ургацаг гарч, түүний гоо үзэсгэлэн гундаж эхэлжээ. Нэгэн шөнө түүний зүүдэнд нь тагтаа болон хувирсан эмэгтэй ирэн, нүүрэн дээрх ургацгаа Афродитагийн сарнайн тосоор эмчлэхийг заана. Ингээд түүний гоо үзэсгэлэн эргэн сэргэнэ.
Дараа нь тэр Сайрус залуу гүнгийн зоогийн арга хэмжээнд гурван өөр охины хамт оролцдог. Бусад охид янхан мэт хувцаслаж, аашилдаг бол Аспасия сэтгэл татам даруу байдлаараа гүнгийн анхаарлыг өөртөө татдаг. Эцэст нь тэд гэрлэж, Аспасия эцэгтээ эд хөрөнгө авчирч, ядуу амьдралаас бүр мөсөн салдаг."

Эдгээр хувилбаруудыг нийлүүлээд харвал, бидний мэдэх Үнсгэлжингийн үлгэр бага зэрэг бүрэлдэж эхэлж байгаа нь харагдана. Гэвч Диснейгийн хувилбар болохоос өмнө энэ үлгэр нь хэд хэдэн хувилбараар өөрчлөгдсөн юм.

Италийн Үнсгэлжин

Үнсгэлжингийн хамгийн анхны бичмэл хувилбар нь 1634 онд хэвлэгдсэн Пентамерон номд орсон бөгөөд зохиогч нь Жиамбаттиста Басиле юм. Энэ хувилбарт гол дүрийн баатар охины нэрийг Ченерентола гэдэг. Тус нэр нь итали хэлний “үнс” гэсэн утгатай ченере гэдэг үгнээс үүссэн. Тухайн үед Италид зарц нар дулаацахын тулд галын дэргэд суудаг байсан тул үнсэнд дарагддаг гэдэг утгаар ийм нэр авдаг байжээ.

Томас Салли – Галын дэргэдэх Үнсгэлжин (Photo Credit: By Thomas Sully – Dallas Museum of Art, Public Domain)

Энэ үлгэрт бидний мэдэх ааштай хойд эхийг олж хардаг ч, арай илүү сонирхолтой өгүүлэгддэг. Үлгэрийн гол баатар охины жинхэнэ нэр нь Зезолла бөгөөд тэрээр энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй бас халамжтай асрагчтай. Асрагч нь Зезоллад хорон муу хойд эхээ алаад, өөрийг нь аавтайгаа гэрлэ гэдэг санал тавьдаг. Зезолла ч зөвшөөрч, хойд эхээсээ авдарнаас даашинз гаргаж өгөөч гэж гуйгаад, түүний толгой дээр авдарын тагийг хүчтэй хааж алдаг.

Асрагч нь аавтай нь гэрлэсний дараа өөрийн зургаан охиноо авчирдаг бөгөөд тэд бүгд Зезоллад боол мэт хандан түүнд "Аймхай үнсгэлжин" гэдэг хоч хүртэл өгдөг. Энэ хэсгүүдийг уншихад үлгэр маань бидний мэдэх хувилбар шиг болж эхэлдэг ч, анхнаасаа Зезолла өөрийн хойд эхийг алж, илүү дээр хүнээр солихыг оролдсоноор үлгэрийн баатар маань анхнаасаа алуурчин болж хувирдаг. Дисней энэ хэсгийг орхисон нь гайхах зүйл биш, бүр Гриммийн харгис үлгэрүүдэд ч энэ аллагын хэсэг багтаагүй байдаг юм билээ.

Хожим нь Зезоллагийн аав Сардин руу явахдаа охид бүртээ бэлэг авчирдаг байлаа, гэвч өөрийн төрсөн охиндоо бэлэг авчрахаа бараг л мартсан байв. Аав нь Зезоллад зориулж жимсний модны суулгац авчирч өгдөг бөгөөд Зезолла тэрхүү модыг тарьдаг. Тэр мод нь урган том болж, дотроос нь шидтэн гарч ирдэг бөгөөд Зезоллад гайхамшигтай гоё даашинз өмсгөж, хааны сэтгэлийг булаахад тусалдаг. Үлгэрийн төгсгөл хэсэг нь бидний мэдэх Үнсгэлжингийн хувилбартай ижил төстэй болж төгсдөг.

Аллаггүй илүү романтик хувилбар

Гриммийн ах дүүстэй эн зэрэгцэхүйц алдартай нэгэн ардын үлгэр судлаач бол Шарль Перро юм. Түүний 1697 онд хэвлүүлсэн “Өнгөрсөн цагийн түүхүүд ба үлгэрүүд” (Histoires ou contes du temps passé) хэмээх ном нь өнөө үед бидний мэдэх үлгэрүүдийн үндэс суурийг тавьсан гэдэг.

Перрогийн үлгэрийн ном “Үнсгэлжин”-ээс гарсан нэргүй зураг, 1862 онд анх хэвлэгдсэн, Густав Дорэгийн зурсан Чарльз Перроогийн үлгэрүүдийн нэгэн хэвлэл (Photo Credit: Gustave Doré – Public Domain)

Түүний "Үнсгэлжин"-ийн хувилбар нь Сандрийон (Cendrillon) нэртэй бөгөөд өнөөгийн бидний мэдэх хулуу, шидэт дагина, шилэн гутал зэрэг алдартай хэсгүүд бүгд энд багтсан.

Диснейн Үнсгэлжингээс ялгаатай нь, Перрогийн Үнсгэлжин хоёр дахь удаагаа бүжгийн үдэшлэгт очих боломжтой болдог. Энэ удаа тэр шөнө дундын ид шид арилах тухай санамсаргүй мартчихсан бөгөөд бараг л оройтох дөхөөд, яааран зугтана. Гэвч явахдаа нэг гутлаа орхино. Хаан хүү гутлыг олдог ч, тэр үед Үнсгэлжин аль хэдийнээ ноорхой хувцастай болсон тул хэн ч түүнийг саяхан бүжгийн танхимаас зугтсан үзэсгэлэнт бүсгүй гэж таньдаггүй.

Эцэст нь тэр гутлын эзэн болох нь тогтоогдож, Үнсгэлжин хаан хүүтэй гэрлэнэ. Тэрээр сэтгэл сайтай охин тул хойд эгч нараа уучилж, тэднийг өөр бусад язгууртнуудтай гэрлүүлдэг.

“Үнсгэлжин III: Цаг хугацааны эргэлт” хүүхэлдэйн кинон зураг (Photo Credit: DisneyToon Studios & Walt Disney Pictures)

Энэ сайхан сэтгэлийн хэсгийг Дисней сүүлд 2007 оны DVD хувилбар болох Cinderella III: A Twist in Time кинондоо оруулсан байдаг. Тус хувилбарт Анастасиа гэдэг хойд эгч нь хийсэн зүйлсдээ гэмшиж, киноны төгсгөлд жинхэнэ хайртайгаа учирч буйгаар дүрслэгддэг. Түүнийг хайртайгаа учирхад Үнсгэлжин тусладаг.

Перро үлгэр бүрийнхээ төгсгөлд сургамж хэлж дуусгадаг байсан гэдгээрээ алдартай. Харин Үнсгэлжин үлгэрт тэрээр хоёр сургамж өгсөн байдаг.
"Гоо үзэсгэлэн бол ховор эрдэнэ боловч, сайхан сэтгэл түүнээс илүү зүйл юм."
"Ухаан, зориг, хүмүүжил сайтай ч, хэрвээ шидэт дагины тусламжгүй бол эдгээр нь үнэ цэнэгүй байж мэднэ."

Гриммийн ах дүүсийн “Жижиг Үнсгэлжин”

Перрогийн үлгэр нь өмнөх хувилбаруудаас илүү зөөлөн, гэр бүлийнхэнтэйгээ уншихад тохиромжтой байдаг. Харин Жакоб, Вилхелм Гримм нар “Ашенпуттел” буюу “Жижиг Үнсгэлжин”-гийн түүхийг өөрсдийн номондоо оруулахаар хайж байхад илүү хэрцгий, цус ихтэй хувилбарыг олсон юм.

Ашенпуттел (Photo Credit: Alexander Zick – Märchen, Grot’scher Verlag, Berlin 1975, Public Domain)

Үлгэр нь бидний таамаглаж байснаар эхэлдэг. Эх нь нас барж, аав нь дахин гэрлэнэ. Ашенпуттел зарц болж үлдсэн ч сайхан сэтгэлтэй, эелдэг хэвээрээ байдаг. Аав нь аялалд явах үед хойд эгч нар нь үнэтэй бэлэг хүсдэг бол Ашенпуттел зөвхөн ааваасаа аян замд явж байхдаа малгайгаагаар шүргэн унагасан мөчирийг авахыг хүсдэг. Тэр мөчрийг эхийнхээ булшны дээр тарихыг хүсдэг. Хүсэл ч биелж, тэр мөчрөө ээжийнхээ булшин дээр тарьж, томоос том самрын мод ургуулдаг.

Ашенпуттел тэр модны дор залбирч эхлэхэд, цагаан тагтаа түүний хүссэн бүхнийг доош шиднэ.

1950 оны Диснейн хүүхэлдэйн киноны туслагч амьтад (Photo Credit: Walt Disney Pictures, RKO Radio Pictures)

Энэ үлгэр анх удаа амьтадын тусыг харуулсан бөгөөд энэ нь Диснейн хүүхэлдэйн киноны гол хэсэг болсон. Ашенпуттел бүжгийн үдэшлэгт явахыг хүсэхэд, хойд эх нь үнсний дунд шош шидэж, хэрвээ Ашенпуттел хоёр цагийн дотор тэднийг цэвэрлэж амжвал бүжгийн үдэшлэгт явж болно гэж хэлдэг. Ашенпуттелийг дуулсаны дараа ирдэг шувуудын тусламжтайгаар шошоо хурдан цэвэрлэж дуусгадаг. Тэр шош цэвэрлэсэн газраа хүртэл цэвэрлэсэний дараа түүнийг үдэшлэгт явахыг зөвшөөрдөггүй.

Хаан хүү гурав дахь удаагаа бүжгийн үдэшлэг зохион байгуулахаар болж зар тараахад самарны мод Ашенпуттелд маш үзэсгэлэнтэй даашинз өгчээ.

Гэвч энэ үүний дараа үлгэр хар бараан болж эхэлдэг. Хаан хүү гутлыг өмсүүлэхээр охидын гэрт ирэхэд том охин нь эхлээд өмсөж үзэхээр өрөөндөө орж, эх нь дэргэд нь зогсож байв. Гэвч том хөлийн хуруу нь гуталд багтахгүй байсан тул эх нь хурууг нь таслахыг зөвлөсөн байна.
“Чи хааны хатан болох үедээ явган явах хэрэггүй болно.” гэж эх нь хэлжээ. Охин өвдөлтийг тэсвэрлэн хуруугаа тасалж, гутлыг өмсөөд хаан хүү дээр очиход хаан хүү түүнийг морин дээрээ суулгаад аваад явдаг.

Хойд эхийн энэ заль бараг бүтэх гэж байсан боловч тэд Ашенпуттелийн эхийн булшны хажуугаар өнгөрөхөд модны дээрээс хоёр тагтаа гарч ирээд, хаан хүүд охины гутлаас цус гоожиж байгааг харуулчихдаг.

Хоёр дахь охин гутлыг өмсөх үед хорон санаат эх нь өсгийнийхөө хэсгийг тасал гэж хэлсэн боловч түүнийг нь бас л тагтаанууд илчилчихдэг. Эцэст нь Ашенпуттел хаан хүүгийн морин дээр суугаад ордон руу явахад хоёр тагтаа түүний мөрөн дээр суусанаар энэ үлгэр жаргадаг.

Өшөө авдаг тагтаанууд

Гриммийн хувилбар дээр Ашенпуттелийн аз жаргалтай амьдрал нь хэрцгий өшөө авалттай хосолсон байдаг. 1819 онд гарсан хоёр дахь хэвлэлд нэмэгдсэн төгсгөлд, хоёр хойд эгч нь хуримд нь ирж, Ашенпуттелийн итгэлийг олох гэж дүр эсгэцгээдэг.

Хойд эгч нарын нүдийг тагтаанууд хазжээ. (Photo Credit: Unknown author – Own work, Public Domain)

Сүмд хан хүү болон Ашенпуттелийн хурим болж байх үед Ашенпуттелийн том эгч нь баруун талд, бага эгч нь зүүн талд зогсож байхад тагтаанууд нисэж ирээд тэдний нэг нэг нүдийг нь хазчихдаг. Ингээд Ашенпуттелд хандаж байсан муухай зан, худалч зангийн төлөө тэднийг хараагүй болгон өшөөг нь авдаг.

Гриммийн ах дүүс зарим үлгэрүүдийнхээ харанхуй, сөрөг хэсгүүдийг хасаж, илүү зөөлөн болгож хэвлүүлсэн байж магадгүй ч, хамгийн их “цэвэрлэсэн” нь яах аргагүй Дисней юм. 1950 оны хүүхэлдэйн кино болон цаашид гарсан уран сайхны киноны хэсгүүдэд Үнсгэлжинг эелдэг, энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэйгээр харуулдаг. Тэр хэзээ ч хүн алдаггүй, мөрөн дээрээ алуурчин шувуудтай явдаггүй, харин өөрт нь тусалдаг цэнхэр шувуудтай л гардаг билээ. Тиймээс түүхэнд байх жинхэнэ "Үнсгэлжин"-гийн түүхүүд нь магадгүй насанд хүрсэн хүмүүст л зориулагдсан байсан байх.

Баннер 2

Таны баннер энд харагдана.

👉 Дэлгэрэнгүй мэдээлэл

Admin

The future starts today, not tomorrow.