Валак гэлэнмаа юу эсвэл бяцхан хүү юу? XVII зууны муу ёрын сүнсний бодит түүх
Конжуринг киноны үргэлжлэл, 2018 онд анх гарсан “Гэлэнмаа” (The Nun) киноны ачаар “Валак” нэр орчин үед дахин шуугих болсон. Гэвч үнэндээ Валак гэж хэн бэ, юу вэ гэдгийг цөөн хүн л мэддэг. Кино зохиол уран сайхны өөрчлөлт хийснээр Валакыг эмэгтэй гэлэнмаагийн дүрээр харуулсан нь түүний анхны домгийн төрхөөс тэс өөр юм. Энэ хэсэгт бид Валак гэх муу ёрын сүнсний жинхэнэ түүхийг тайлбарлах болно.
Валак гэж хэн бэ?

Валак бол муу ёрын сүнс бөгөөд сахиусан тэнгэрийн далавчтай бяцхан хүүгийн дүрээр үзэгддэг ч үнэн хэрэгтээ энэ нь өнгөлөн далдлалт юм. Тэр хоёр толгойтой луу унаж, өөрт нь захирагддаг могойн сүнснүүдийг удирдах чадвартай. Хүүхдийн гэмгүй мэт дүр төрхөөрөө хүмүүсийг хуурч, эцэст нь тэднийг үхэлрүү чирдэг. Харин түүний жинхэнэ нэрээр нь дуудсан үед цайвар арьстай, хар үстэй, гэрэлтсэн хүйтэн нүдтэй эрэгтэй хүний нүдээр гарч ирдэг.
Валакыг заримдаа 1212 онд болсон “Хүүхдийн загалмайт аянд” буруутгадаг. Энэ үед мянга мянган хүүхэд боолчлолд зарагдсан байдаг. Мөн 1284 онд Германы Хамелин тосгонд 130 хүүхэд алга болсон “Пийд Пайпер”-ийн хэргийн ард ч Валак байсан гэж үзэх нь бий. Валак ихэвчлэн хүүхдүүдийг бай болгон сонгодог. Учир нь тэд гэнэн учраас тэднийг хуурах амархан гэхдээ зөвхөн хүүхдээр хязгаарлагддаггүй насанд хүрэгчдийг ч төөрөгдүүлэн өөртөө татах чадвартай.
Валак түүхэнд анх хэзээ гарч ирсэн бэ?
Валак түүхэнд бичигдсэн анхны дүрслэл нь XVII зууны ид шидийн ном болох “Соломоны түлхүүр” хэмээх гримоир-оос олддог. Гримоир гэдэг нь шившлэг, тарни, дом, дуудлагын заавар бүхий ид шидийн номууд юм. Энэ номд дурдагдсан Соломон нь Хуучин Гэрээнд гардаг Израилийн хаан Соломон бөгөөд тэрээр хаанчлалынхаа үед 72 муу ёрын сүнсийг дийлсэн гэж бичигдсэн байдаг.

Валакыг өөр нэршлээр ч бас тэмдэглэсэн байдаг тухайлбал Уалак, Валу, Дулас, Волак гэх мэт.
“Соломоны түлхүүр” номд Валакыг дараах байдлаар дүрсэлжээ:
“Тэр бол аугаа хүч чадалтай удирдагч. Сахиусан тэнгэрийн далавчтай хүүхэд мэт харагддаг бөгөөд хоёр толгойтой луу унаж ирнэ. Түүний үүрэг бол нууц эрдэнэсийн байршлыг үнэн зөв хэлж өгөх, могой хаана байгааг заах явдал. Тэр эдгээрийг хэн нэгнийг хүчээр ашиглалгүйгээр өөрөө авч ирдэг. Тэр 38 легион сүнсийг захирдаг ба түүний тамга (тэмдэг) нь ийм байдаг.”
Сүмд Валакийг хориглогдсон нь

“Соломоны түлхүүр” ном нь муу ёрын сүнс бүрийн нэр, мөн хэрэв тэр номыг уншиж буй хүн тэдгээртэй нүүр тулах юм бол тэднийг хэрхэн зайлуулах аргыг ч мөн тайлбарладаг. Валак энэ номд 62 дахь сүнс болон гардаг. Хэдийгээр ном нь Хаан Соломонтой холбоотой гэж үздэг ч, Библи дээр Соломоны 72 чөтгөр-ийн талаар ямар ч тэмдэглэл байдаггүй.
Мөн энэхүү гримоир нь Ватиканы Хориотой номын жагсаалтад орсон байсан бөгөөд энэ жагсаалтыг 1966 он хүртэл тогтмол шинэчилж байгаад бүрмөсөн цуцалсан. Жагсаалт хүчинтэй байх үед Сүм уг номыг муу ёрын, мухар сүсгийн шинжтэй, христийн шашны сургаалд харш гэж үзэн бүрэн хориглосон юм.
Гэсэн ч Сүмийн эсэргүүцэл байсаар байхад, уг номыг олон католик санваартнууд нууцаар хадгалж, Европ даяар өргөн хэрэглэсээр байв. Өнөөдөр ч гэсэн “Соломоны түлхүүр” номыг унших, сүнс дуудахад ашиглах боломжтой, хэрвээ зүрх зориг хүрвэл шүү дээ.
“The Nun” (2018) кинонд гардаг чөтгөр үнэхээр Валак байсан уу?

Түүхэнд Валак бол хүчирхэг чөтгөр байсаар ирсэн ч сүүлийн үед түүний нэр ахин хүчтэй дурсагдах болов. 2018 оноос эхэлж гарсан “The Nun” кинонд гардаг хар хувцастай эмэгтэй гэлэнмаа Валак гэх нэртэй бөгөөд энэ нь Конжуринг аймшгийн кинонуудын өмнөх түүхүүдтэй холбогддог. Гэвч кинонд Валакын дүр түүхэн домогт байсан дүрээс ихээхэн ялгаатай, ийм хэлбэрээр өмнө нь үзэгдэж байгаагүй.
Валак хэзээ ч эмэгтэй байдлаар дүрслэгдэж байгаагүй. Түүний хамгийн онцлог шинж нь цэвэр ариун, гэмгүй хүүхдийн дүр төрхтэй байдаг. Домогт Валак болон кинон дахь Валак хооронд бараг ямар ч холбоо байхгүй, зөвхөн нэр нь ижилхэн. Тэгэхээр яаж энэ нэр кинонд ашиглагдсан бэ?
Хариулт нь: Кино бүтээгчид нэрийг нь сонгож авсан бөгөөд аймшгийн сэдэв болон нэрийн хэм хэмжээний хувьд сонирхол татахуйц учраас ашигласан гэж үздэг. Валакын түүхэн дүр төрхийг кинонд зориуд өөрчилж, илүү аймшигтай, сүрдмээр дүр бүтээсэн нь үзэгчдийн сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Борлейгийн сүм дэх хоргодсон гэлэнмаагийн сүнс

“The Nun” нь Лоррейн ба Эд Уоррены судалгаанаас сэдэвлэсэн. Лоррейн өөрийгөө сүнс харах чадвартай, сүнстэй харьцаж чаддаг медиум гэж хэлдэг байсан бол Эд нь сүнс судлаач гэж өөрийгөө тодорхойлдог байв. Хосууд 1970-аад онд Амитивиллийн сүнстэй холбоотой явдлаас болж алдартай болсон ч тэр явдал ихэнхдээ худал хуурмаг гэж үзэгддэг байв. Гэсэн хэдий ч тэд сүнсний үзэгдлийн судалгаагаа үргэлжлүүлсэн.
Уорренууд сүнсний 10,000 гаруй тохиолдлыг судалсан гэж мэдэгддэг бөгөөд католик шашинтнууд тул тэдний зарим тохиолдол шашны шинж чанартай байсан. “The Nun” кинонд гардаг эмэгтэй сүнсний дүр төрхийг сэдэвлэсэн бодит тохиолдол нь Лоррейны Борлейгийн сүмийн сүнстэй холбоотой бөгөөд түүний хийсэн судалгаанаас үүсэлтэй.
Тэд Английн өмнөд хэсэгт, Борлей гэдэг газар орших сүнстэй гэж үзсэн сүмийг судлахаар явж, Лоррейн тэр сүмд муу ёрын сүнстэй тулгарсан. Уг сүмд нэгэн гэлэнмаа нэгэн ламтай бэлгийн харилцаатай байсан нь илчлэгдэн энэ нь сүмийн ёс суртахууны дүрмийг зөрчсөн гэдэг утгаар түүнийг хананд амьдаараа битүүлэн хорьж алсан гэдэг бөгөөд тухайн гэлэнмаагийн сүнс нь энэхүү сүмд тэнүүчлэх болжээ.
Лоррейн гэлэнмаагийн сүнсийг дүрслэхдээ “Бөөн эргэлдсэн шуурга шиг бөмбөгөр сүнс, нүүрээ бүрхсэн дүрс” гэж тодорхойлсон. Тэр байнга ижил зүүд зүүдэлдэг байсан ба зүүдэнд нь нэгэн эмэгтэй хүний энергитэй, нүүрээ халхалсан байдалтай хүн байдаг байж. Энэ сүнс олон жилийн турш Лоррейний зүүдэнд орж ирдэг байж. Сүүлдээ сэрүүн үедээ ч сүнсийг хардаг болжээ.
Валак яаж гэлэнмаа болсон бэ?

Борлейгийн сүмтэй адил, энэ киноны үйл явдал орчин нь Румын улсын өмнөд хэсэгт, Трансильваниад 1200-аад онд баригдсан бодит Кистрийн Сүм болох Карца сүмийн эргэн тойронд өрнөдөг. Энэхүү сүм нь загалмай хэлбэртэй баригдсан бөгөөд дараа нь ихээхэн эвдэрсэн байжээ. Ерөнхийдөө "The Nun" киноны зураг авалтынхан энэхүү сүмийн эвдрэл гэмтлийг хараад кинондоо аймшгийн хэлбэрээр санаа авч орчиныг бүрдүүлжээ.
Киноны продюсер Жеймс Ван, Лоррейны ярьсан Борлейгийн сүмд түүнд харагддаг байсан гэлэнмаагийн сүнсний тухай сонсоод, үүнийг өөрийн кинондоо дүр болгон гаргахыг хүссэн ч яаж хийхээ мэдэхгүй хэсэг цаг авчээ. Тэрээр “Би үүнийг сонсоод ‘Үүнийг CGI дүр болгох нь дээ’ гэж бодсон. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй. Энэ дүрийн ерөнхий төрхийг толгойдоо тодорхойлохдоо бага зэрэг хугацаа зарцуулсан. Гэхдээ эцэст нь энэ санаа өөрөө жам ёсоор гараад ирсэн. Учир нь энэ бол зөвхөн Лоррейнд харагддаг хар сүнсний дүр юм. Би энэ дүрээр түүний итгэл үнэмшилд халдахыг хүссэн. Түүнчлэн түүний нөхрийн амь насанд заналхийлсэн зүйл байгаасай гэж бодсон. Тиймээс би түүнийг мөн адил гэлэнмаа болгохоор шийдсэн" гэж Ван ярьжээ.