Азтек хотод сүйрсэн нисдэг таваг | Сүйрсэн нисдэг таваг цуврал #2
Админ нь харь гараг, UFO-гийн талаарх нийтлэлүүдээ оруулахдаа үргэлж бодит баримт, найдвартай эх сурвалж дээр тулгуурлан хүргэдэг гэдгийг сануулая. Сүүлийн жилүүдэд АНУ-ын Засгийн газар, тэр дундаа Пентагон энэ сэдвийн хүрээнд ил тод байдлыг нэмэгдүүлэх алхмуудыг хийсээр байгаа.
Жишээлбэл, 2020 онд Пентагон "UAP Task Force" буюу Үл тайлагдах нисдэг үзэгдлийг судлах ажлын хэсэг-ийг байгуулсан. Үүнийг 2022 онд шинжлэх ухаанд суурилсан, илүү нарийвчилсан судалгааны зорилготой шинэ баг болгон өргөжүүлсэн. NASA ч мөн адил өөрийн тусгай судалгааны багийг ажиллуулж эхэлсэн нь энэ сэдвийг хүлээн зөвшөөрч, шинжлэх ухаанаар тайлбарлахыг зорьж буйг харуулж байна.
Тусгай судалгааны багуудын ажил, дүн шинжилгээний ихэнх үр дүн нь мэдээж бидний төсөөлж байгаачлан “нисдэг таваг” биш, шувуу, дрон, цаг агаарын үзэгдэл, эсвэл гэрлийн хугарал мэт тайлбартай байх нь олонтаа. Гэсэн ч зарим тохиолдолд огт тайлбарлагдаагүй, бүрэн баримтжсан хачирхалтай бичлэгүүд, албан ёсны бичиг баримтууд дээр үлдсээр байна.
Иймээс манай цуврал нийтлэлүүдэд багтаж буй харь гарагийн болон UFO-гийн талаарх мэдээллүүд нь баттай эх сурвалжтай, бодит баримтаар нотлогдсон тохиолдлуудад үндэслэж буй гэдгийг уншигч та анхаараарай.
Азтек, Нью-Мексико, 1948 он
1948 оны гуравдугаар сард АНУ-ын Нью-Мексико мужийн баруун хойд хэсэгт орших алслагдсан Азтек хотод болсон UFO осол баримтаар нотлогдсон гэж үздэг.

Энэ түүх анх 1950 онд Франк Скаллигийн “Behind the Flying Saucers” хэмээх UFO-гийн тухай ном хэвлэгдсэнээр олонд хүрсэн юм. Скалли нь “Variety” нэртэй энтертайнмент сэтгүүлд нийтлэл бичдэг сэтгүүлч байсан бөгөөд Холливудын найзууд нь түүнийг Силас Ньютонтой холбогдохыг зөвлөжээ. Ньютон нь нэгэн сонирхолтой нисдэг тавгийн сүйрлийн тухай түүх ярьж, цахилгаан соронзон хөдөлгүүрийн тухай тайлбар өгсөн байна. Силас Ньютон болон өөрийгөө нуусан “Доктор Жи” нэртэй нууцлаг эрдэмтэн нь Скаллигийн “Behind the Flying Saucers” номын гол эх сурвалжууд болсон юм.
Ньютон ба Доктор Жигийн мэдээлснээр, Нью-Мексико дахь дэвшилтэт радарын станцууд нь Азтек хотын ойролцоо нисдэг тавгийн осолд хүргэсэн байна. Осолдсон нисдэг таваг ерөнхийдөө эвдэрсэнгүй, гэхдээ нэг цонхны ойролцоо жижиг цоорхой байжээ. Тухайн газар хамгийн түрүүнд ирсэн Доктор Жи болон бусад эрдэмтэд хөлөг дотор хүний цогцоснуудыг олсон байна. Хөлөг дээр ил харагдах хаалга байсангүй ч эрдэмтэд модон саваа ашиглан хана дээрх товчлуурыг дарж нуугдсан хаалгыг нээж, хөлөгт амжилттай оржээ.

Дотор нь эрдэмтэд 16 ширхэг шатсан, хүн шиг биет олсон бөгөөд тэд хүний хэлбэртэй ч өндөр нь ердөө 90-120 см орчим байжээ. Эдгээр биетүүд нь хөлөг дотор гарсан галын улмаас амиа алдсан нь тодорхой байлаа. Нисдэг таваг нь хөнгөн жинтэй, хөнгөн цагаан мэт бат бөх материалаар хийгдсэн байв. Эцэст нь уг нисэх төхөөрөмжийг задлан, Огайо мужийн Дейтон хотод байрлах Райтын Паттерсон агаарын цэргийн бааз руу авч явсан бөгөөд энэ бааз нь харийн технологи бүхий нисдэг тавгуудыг хадгалдаг төв гэж яригддагаараа алдартай газар.
Скаллигийн ном хэвлэгдсэний дараа богино хугацаанд бестселлер болсон ч гол эх сурвалж болсон хүмүүсийн талаар таагүй яриа гарч эхэлжээ. Эрэн сурвалжлагч Ж.П. Кан “True” сэтгүүлд шүүмжлэлтэй нийтлэл бичиж, уг номыг бүхэлдээ худал хуурмаг дээр үндэслэсэн гэж мэдэгдсэн байна. Тэрээр Ньютоны танилцуулсан, харийн нисдэг тавагнаас авсан гэж үзсэн металл нь ердөө л ахуйн хэрэглээний хөнгөн цагаан байсан болохыг баталж чадна хэмээжээ. Мөн тэрээр “Доктор Жи” нэрээр танигдсан гол гэрчийн жинхэнэ хэн болохыг ил болгосон байна.
Скаллигийн хэлснээр, “Доктор Жи” нь “термометрээс ч олон дипломтой” өндөр боловсролтой, нэр хүндтэй эрдэмтэн байсан гэдэг. Гэвч эрэн сурвалжлагч Кан энэ хүний жинхэнэ нэрийг илчилж, тэр нь Ньютоны бизнесийн хамтрагч Лео Гебауэр гэдгийг тогтоожээ. Гебауэр нь Аризона мужийн Финикс хотод радио, телевизийн эд ангийн жижиг компани ажиллуулдаг байсан бөгөөд технологийн мэдлэгтэй ч Скаллигийн өгүүлсэн шиг олон диплом, академик зэрэгтэй хүн байгаагүй аж. Үүний хариуд Скалли “Гебауэр бол номонд 'Доктор Жи'-гээр төлөөлөгдсөн олон эрдэмтдийн ердөө нэг нь байсан” хэмээн мэдэгджээ.
Кан Ньютоныг албан ёсоор ямар нэг хариуцлага хүлээгээгүй ч, хувьцаа болон газрын тосны төслүүдтэй холбоотойгоор худал мэдээлэл тарааж байсан гэж онцолжээ. Түүний үзэж байгаагаар, Ньютон болон Гебауэр нар Скаллигийн итгэлийг ашиглан харь гарагийн технологитой мэт дүр үзүүлж, өөрсдийн бизнесээ сурталчлах, улмаар шинэ хөрөнгө оруулагчдыг татахыг оролдсон байж болзошгүй юм.
Эдгээр бүх асуудал Скаллигийн номын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ч, Азтек хотод нисдэг таваг осолдсон тухай баталгаа бий гэж үздэг UFO судлаачид цөөнгүй байдаг. Тэдний нотолгоонд FBI-ийн баримт бичгүүд ч багтдаг. Жишээлбэл, Тимоти Гүүдын “Above Top Secret” номд дурдсанаар, 1950 оны гуравдугаар сард гарсан нэгэн FBI-ийн баримт бичигт Нью-Мексико мужид нисдэг таваг осолдсон тухай агаарын цэргийн мөрдөгчийн тайлан багтсан байдаг. Уг тайланд гурван жижиг биетэй харь гаригийн хүний цогцос олдсон гэж тэмдэглэжээ. Мөн ослын шалтгааныг ойролцоох “маш өндөр хүчин чадалтай радар” байсан байж болзошгүй хэмээн дурдсан байна. Ньютон болон Гебрауэр нарын яриа тухайн үед өргөн хүрээтэй тархаж, эцэстээ энэ мэдээлэл агаарын цэрэг болон FBI-д хүрсэн гэж үзэх хүмүүс ч бий.
Судлаач Ник Редферн болон Скотт Рамзи нар Азтек хотод болсон ослын талаар нэмэлт FBI баримт бичгүүдийг олсон байдаг. Рамзигийн хэлснээр, эдгээр баримтууд нь Ньютоныг амжилттай бизнес эрхлэгч байсан гэдгийг нотлох үндэслэл болжээ. Түүний хөрөнгө оруулагчдын хувьд, харийн нисдэг тавагны ослын түүхээс илүүтэйгээр Ньютоны хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн нь илүү үнэ цэнтэй байсан бөгөөд үүндээ ч тэд сэтгэл хангалуун байдаг байжээ.
Рамзигийн хэлснээр, тэрбээр мөн тухайн ослын үеэр болсон явдлыг нүдээр харсан гэрчүүдийг олж чаджээ. Тэдний нэг нь Кен Фарлей нэртэй эр байсан бөгөөд 1948 оны гуравдугаар сарын 25-нд Колорадо мужийн Дуранго хотоос Калифорнийн Сан Диего руу явах замдаа Азтек хотын ойролцоо найзындаа зочлохоор түр саатсан байна. Фарлей тухайн үед цөл рүү чиглэсэн шуурхай албаны машинуудын тухай яриа сонссон тул найзтайгаа хамт юу болж байгааг сонирхож очихоор шийджээ. Тэд уулын орой руу гарч, том дугуй хэлбэртэй нэгэн объектын дэргэд ирэхэд хэд хэдэн газрын тосны ажилчин болон цагдаа нар тэнд байсан гэнэ. Тэдний харсан объект нь Скаллигийн номонд дүрслэгдсэн шиг эвдэрсэн, сүйрсэн харагдаагүй аж. Харин цагдаа нар тэднийг газар дээрээс холдохыг хүссэн байна.
Өөр нэг гэрч нь тухайн үед 19 настай, шатахуун түгээгүүрт ажилладаг байсан Даг Ноланд байжээ. Тэрээр тухайн өдрийн тухай дурсахдаа, ахлах Билл Фергусонтойгоо хамт цөл рүү гал унтраахаар явсан гэжээ. Тэднийг очиход газрын тосны ажилчид гал аль хэдийн унтарсан тухай хэлж, улмаар тэдэнд том, дугуй хэлбэртэй нууцлаг объектыг үзүүлсэн байна.
Рамзи анх энэ хэрэгт эргэлзсэн хандлагатай байсан ч, хорь гаруй жилийн судалгааны дараа Азтек, Нью-Мексикод болсон сүйрэл үнэхээр учир битүүлэг, оньсого мэт явдал байсныг илтгэх олон баримтад хүрснээ хэлсэн байдаг. Энэ бүхэн түүнд тэнд ямар нэгэн нууцлаг зүйл болсон байх магадлалтай гэх итгэлийг улам төрүүлжээ.