Гахайн нүүрт эмэгтэй
1815 оны зуны нэгэн өдөр Лондон хотын Пиккадилли гудамжинд хүмүүс цуглан, Наполеоны эсрэг Британийн сүүлчийн ялалтыг баярлан тэмдэглэж байлаа. Тэр хавь дүүрэн хүнээр бужигнаж, хөдөлгөөн бараг саатах шахам түгжирчээ. Хожим 1864 онд дуртгал бичсэн Рийс Хауэлл Гроуноу тэмдэглэхдээ, нэгэн сүйх тэрэг олны анхаарлыг онцгой татсан гэдэг. Зарим хүмүүс дотроос нь загварлаг эмэгтэйчүүдийн малгайнаас амьтны хоншоор цухуйхыг харсан гэж зарлажээ.

“Тэр бол цуутай гахай нүүрт эмэгтэй байсан!” гэж тэнд байсан хүмүүс хашхиралдсан байна. Олон хүн тэрэгний эргэн тойронд шавж, зогсоохыг шаардан орилцгооно. Сүйх тэрэгний жолооч сандарч, тэргээ яаравчлан хөдөлгөж зугтаасан байна.
Энэ сүйх тэрэгний хойно хэн байснаас үл хамааран, энэ явдал хамгийн солиотой цуурхал болж бодит ертөнцөд ямар хэмжээний дуулиан тарьж чадахыг баталсан хэрэг байлаа. 19-р зууны эхээр Лондон дахь мэдээллийн хэрэгслүүд олширч эхэлсэн нь энэ үлгэр домгийг улам дэлгэрүүлж, гахай нүүрт эмэгтэйн домгийг жинхэнэ утгаар сэвж сенсац болгож орхижээ.
Гэхдээ энэхүү домог үүсэн бий болсон нь бүр эртний түүхтэй. 17-р зууны үеийн хамгийн эртний яриануудын нэгэнд, Жакамейнтьен Жакобс хэмээх жирэмсэн Голланд гэрийн эзэгтэй гуйлга гуйсан ядуу эмэгтэйг хүүхдүүдийнх нь хамтаар хөөж тууж, хүний мөсгүй хандсан тухай өгүүлдэг.
Эмзэглэсэн гуйлгачин эмэгтэй Жакобсын төрөөгүй үрийг гахайн төрхөөр төрөөсэй хэмээн хараасан гэдэг. Харин домгийн дагуу, Жакобсын охин гахай мэт нүүртэй төрсөн гэж түүхийн хуудсанд бичигджээ. Голландын эмч, зохиолч Ян Бондесоны "Хоёр толгойт хүү ба бусад анагаахын гайхамшгууд" номд энэ талаар дурдсан байдаг.
Гахай нүүрт гэх Таннакин Скинкерийн түүх бас энэ түүхтэй холбогддог. Тэрээр чинээлэг Голланд эмэгтэй байсан бөгөөд түүний эх нь нэгэн гуйлгачин эмэгтэйг бүдүүлгээр хөөж туужээ. Үүний хариуд гуйлгачин эмэгтэй хараал хийж, улмаар Скинкер гахай мэт төрхтэй болсон хэмээн ярилцдаг.
Таннакин Скинкерийн тухай домог 17-р зуунд дор хаяж таван өөр дуулал болон тууж маягийн товч ном болж үлдсэн байдаг. Хожим зохиолч Роберт Чамберс өөрийн "Өдрийн ном" (The Book of Days) бүтээлдээ 18-р зууны буяны үйлстэн, буянтай эмэгтэй Гриселда Стивенс-ийг ч зарим дублинчууд гахай нүүрт эмэгтэй гэж итгэдэг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Түүний энэрэнгүй үйл хэргийг үл харгалзан ийм яриа гарсан нь тун сонирхолтой гэхдээ олон хүн үүнийг утгагүй цуурхал гэж үзсэн байна.
Бас нэгэн сонирхолтой зүйл нь эдгээр домог бүгд эмэгтэйчүүдийн тухай байдаг. Энэ нь нийгэмд эмэгтэй хүний гадаад үзэмжид хэт ач холбогдол өгдөг хандлагатай холбоотой байж болох бөгөөд ийм төрлийн түүхүүдэд гахай нүүртэй эрэгтэй ховор тохиолддог нь ч үүнийг нотолж байгаа хэрэг биз.

19-р зуун гэхэд гахай нүүрт эмэгтэй нь тухайн үеийн бусад алдарт мангасуудын эгнээнд багтаж, олон нийтийн төсөөлөлд гүн шингэсэн байв. Хүмүүс түүнийг хий үзэгдэл, хүн чоно шиг айж жигшдэггүй ч, бохир хашааны амьтан болох гахайтай хэт төстэй, амьтнаас гаралтай зэрлэг гэдэг утгаар харж эвгүйцдэг байв. Харин тэр эмэгтэй дээдсийн ангилалд хамаардаг, язгууртны дүртэй байсан нь энэ зөрчлийг бүр ч эвгүй, жигтэй болгодог байлаа.
Энэхүү домог нь гаж төрөлт гэх хүний олон зууны туршид гайхаж ирсэн сониуч, айдастай хандлагыг ч давхар тээдэг. Бие эрхтний өөрчлөлттэй төрсөн хүүхдүүдийг эрт цагт бурхны уур хилэнгийн илрэл гэж үздэг байсан бол, нийгэм хөгжих тусам, шинжлэх ухаан тархахын хэрээр, ийм төрлүүдийг жирэмсэн эхийн өвчин, сэтгэл санааны гутрал эсвэл унаган удамшлын гажиг гэж тайлбарлах болсон.
Энэ бүхний цаана 18-р зууны эмэгтэйчүүдийг гадаад төрхөөр нь дүгнэдэг эмэгтэйчүүдийг дорд үзсэн нийгмийн хандлага нэвт шингэсэн. Тухайн үед эмэгтэй хүний үнэлэмж, ёс суртахуун, нийгэмд эзлэх байр суурийг зөвхөн гадаад төрхөөр нь хатуу шүүж, ялладаг байв тэр үнэлгээний доор л энэ домог тэсэж үлдсэн билээ.
“Мангас гэдэг бол хүн төрөлхтний түүхэн дэх нийтлэг үзэгдэл. Бүхий л нийгэмд тэд оршдог. Хамгийн гол нь тэдгээрийг хүмүүс өөрсдөө бүтээдэг.” хэмээн МакМастер их сургуулийн түүхч Майкл Иган хэлжээ.
“Мангас гэдэг бол хүн төрөлхтний түүхэн дэх нийтлэг үзэгдэл. Бүхий л нийгэмд тэд оршдог. Хамгийн гол нь тэдгээрийг хүмүүс өөрсдөө бүтээдэг.”
1815 оны Лондоны уншигчдын хувьд, гахай нүүрт эмэгтэйн тухай цуурхал хэвлэл мэдээлэл байхгүй бол амархан няцаагдаж өнгөрөх байсан биз ээ. Хэдий олон хүн түүнийг яг жинхэнэ эсэхэд эргэлзэж байсан ч, тэр үеийн сэтгүүлчид, сонинууд гахай нүүрт эмэгтэйн тухай яриаг шуугиантай домог, бараг л алдартан мэт түүх болгон хувиргаж чаджээ.
1815 оны хоёрдугаар сарын 9-ний “The Times” сонинд нэгэн эмэгтэй “Царайны асуудалтай хатагтайг асран халамжлахыг хүсэж байна” хэмээн зар нийтэлж, энэхүү ажилдаа өндөр цалин горьдож байгаагаа илэрхийлсэн байна (гахай нүүрт эмэгтэйн тухай зар өмнө нь огт гарч байгаагүй). Удалгүй "The Times" сонин энэхүү домог ярианд итгэдэг хүмүүсийг шоолж, хоёрдугаар сарын 16-ны дугаарт уншигчдыг эрүүл ухаантай байхыг уриалан дараах ёжтой өгүүлбэрийг нийтэлжээ, “Манай хөдөөгийн анд нөхөд Лондонд ямар олон тэнэг байдгийг төсөөлөх ч үгүй биз.” гэжээ.
Гэсэн хэдий ч “The Times” домгийг бүрэн үгүйсгэж чадаагүй бөгөөд уг эмэгтэйг ихэвчлэн Манчестер эсвэл Гросвенор талбайн үнэтэй орчинд нуусан гэж өөрсдөө бичсээр л байсан юм.
Ажил хайсан зар гарснаас удалгүй улам энэ солиорол газар авчээ, энэ удаад гэрлэх санал гарч ирэв. 1815 оны хоёрдугаар сарын 17-нд The Times сонин нэгэн нэрээ нууцалсан эрийн гахай нүүрт эмэгтэйд гэрлэх санал тавьсан зарыг нийтлэхээс татгалзсан тухай мэдэгдэж, тухайн зарын төлбөрийг хандивласан гэж мэдээлжээ. Харин Morning Chronicle сонин ийм асуудалд түүртсэнгүй, уг зарыг нийтэлсэн байна.
Тус зард нэрээ нууцалсан эрэгтэй:
“Царайны зовлонтой бүсгүйн дотнын хүмүүст хандан, чин сэтгэлийн үгсээ тайлбарлахыг хүсэж байна." гэжээ.

Магадгүй бодит амьдрал дээр ямар нэгэн биеийн төрөлхийн гажигтай хүн байсан нь гахай нүүрт эмэгтэйн тухай цуурхлыг бий болгосон байж болох юм. Энэ түүхэд итгэдэг хүмүүс ба үл итгэгчдийн хоорондох үзэл бодлын зөрчил болж байсан нь маш халуун сэдэв болж байв. Гэгээрлийн үеийн дараах Европт, хүмүүсийн “хүн дүрст мангасууд” болон төрөлхийн гажгуудын талаарх ойлголт өөрчлөгдөж, уламжлалт шашны тайлбаруудаас илүү шинжлэх ухаанч өнцгөөс харж эхэлсэн үе байлаа гэж Андерсоны их сургуулийн урлагийн түүхч Кандэйс Ливингстон тайлбарласан байдаг.
Хэдийгээр шинжлэх ухааны хандлага зарим хүнийг гахай нүүрт эмэгтэй оршин байх боломжтой гэж үнэмшүүлэхэд хүргэсэн ч, энэ түүх нь сэтгүүлчийн хувьд аз завшаан байв. Үүний улмаас тухайн үед текст нийтлэл нь олон арван зурсан зургуудтай болж нийтлэлүүд ахин дахин хөврөх болов.
Энэ үед сэтгүүлч Жон Фэйрбөрний гаргасан нэгэн зурагт нийтлэл дээр гахай нүүрт эмэгтэйн хуучин үйлчлэгчийн ярилцлага нийтлэгдсэн байдаг. Тэрээр өндөр цалин авч байсан ч, эзэгтэйнхээ төрхийг тэвчин харж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, эцэст нь ажлаа орхисон гэж бичжээ.
Харин Жорж Смитон гаргасан өөр нэг хуудсанд уг эмэгтэй гэрлэх тухай бодлоо бүр мөсөн няцаасан тухай бичсэн бөгөөд эл хуудас дээр карикатур зураач Жорж Крукшэнкийн урласан төсөөллийн хөрөг нийтлэгдэж, мөнгөн тэвшнээс хооллодог гэж дүрсэлжээ.
Тэр ч байтугай нэгэн үлгэрийн шинжтэй нийтлэл дээр гахай нүүрт эмэгтэйг үдэшлэгийн гоёлын даашинзтайгаар 8 дахь Кирккудбрайтын лордтой бүжиглэж байгаа байдалтай зурсан бөгөөд тэрхүү лорд тухайн үед карикатурт байнга гардаг "хэвлэлийн баатар" байсан гэдэг.
Зарим домогт гахай нүүрт эмэгтэйг илүү мангас мэт дүрсэлсэн байжээ. 19-р зууны эхэн үед амьдарч байсан Британийн цэргийн офицер, сэтгүүлч, нэвтрүүлэгч Гроноу тухайн цаг үеийн Лондоны нийгмийн амьдрал, соёл, дурсамжуудаа бичсэн дурсамж номуудаараа алдартай хүн юм. Тэр хүн өөрийн дурсамждаа нэг удаа тэр эмэгтэйг бүдүүлгээр эрэгтэй зочныг хазаж, уурласандаа амьтны шинжээ гаргаж, хашхиран хөөж явуулсан тухай дурджээ.
Олон хүнд энэ бүх зүйл илт зохиомол мэт санагдсан ч яагаад сэтгүүлчид сонирхолтой хэвээр байсан бэ? Үүний гол учир нь дээд давхаргын, боловсролтой эмэгтэй нэгэн гахайн нүүртэй мангас шиг авиртай гэж үзэх нь тухайн үеийн нийгэмд хүмүүсийн дотоод дахь далд зөрчилдөөн, нийгмийн хэв журамтай холбоотой байжээ.
Майкл Эган хэлэхдээ, “Хэрвээ тодорхой давхаргын, хүмүүжилтэй, ичимхий боловч гадаад төрхөөрөө мангас мэт эмэгтэй байсан бол бид хэрхэн хүлээж авах вэ? Олж мэдсэн мэдээллүүдээс харахад хариулт нь тийм ч сайнгүй байх.” гэжээ.
Гахайн нүүртэй эмэгтэйг тойрон ёс суртахуун, шинжлэх ухааны сониуч зан, хослон оршиж байв. Андерсон их сургуулийн урлаг судлаач Кэндис Ливингстоны хэлснээр, “19-р зуунд ч гэсэн ийм хүний домог гарах нь учиртай бөгөөд хүмүүс үүнийг сэрэмжлүүлэг, сургамжийн түүх гэж ойлгодог байсан.” 1815 оны хоёрдугаар сарын 26-ны The Examiner сонинд гарсан нэг өгүүллэгт, өндөр албан тушаалтай бүсгүй жирэмсэн байхдаа нохойноос айж байсан бөгөөд дараа нь бие махбодын гажигтай охин төрүүлсэн гэж бичсэн байв. Тус сэтгүүлч гахайн нүүртэй эмэгтэйн ээж мөн ижилхэн тохиолдолд өртсөн байж магадгүй гэж таамаглаж байв. Ийм мэтээр гахайн нүүртэйн эмэгтэйн домог маш олон сэдвүүд дээр иш татагдан ярьж олны анхаарлыг татдаг байв.

1815 оны гахайн нүүртэй эмэгтэй нь Таннакийн Скринкер шиг хуучны домгийн сургамж байсан уу эсвэл бие махбодын гажигтай бодит хүн байсан уу, энэ үл мэдэгдэх байдал нь Лондоны иргэдийн их сонирхлыг татсан. Түүний тухай цуурхал, ишлэл нь тэр өдөр Пикадиллид олон хүнийг нэгэн сүйх тэргэнд цуглуулахад хүргэсэн. Энэ домог нь тухайн үеийн Лондоны олон айдас түгшүүрийг, ялангуяа давхаргын зөрчил, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, дээд нийгмийн ёс зүй, хэв маягийг гадаад төрхөөрөө ялгаатай нэгэн нэгэн байх нь тухайн цаг үеийн нийгэмд хэр хэцүү байсан гээд олон зүйлийг бидэнд харуулсан.
1815 оны зуны сүүл гэхэд энэ түүх аажмаар намжиж, цөөхөн хэдэн мэдээ л хэвлэгдсэн байна. 1861 онд нэрээ нууцалсан хүн Notes and Queries сэтгүүлд захидал илгээж, гахайн нүүртэй эмэгтэйн талаар илүү их мэддэг гэсэн бөгөөд түүнийг харсан хүмүүсийг танина гэж бичжээ. Нэрээ нууцалсан хүн хэлэхдээ 1828 оны үед болсон үзэсгэлэн дээр түүнийг нүдээрээ харсан хүнийг таньдаг гэж мэдүүлжээ.
1861 оны сүүлчээр, зохиолч Чарльз Диккенс All the Year Round сэтгүүлд бичихдээ, “Бүх цаг үед л ‘гахайн нүүртэй эмэгтэйн’ тухай яриа байдаг байсан биз” хэмээн хошигнон тэмдэглэж, энэхүү домог хэрхэн дэлгэрч яваад яармаг, үзэсгэлэнгийн хуурамч үзүүлбэртэй холбогдсон талаар тайлбарласан байдаг.
Яармаг, үзэсгэлэн дээр хүмүүсийн үзэж байсан “гахайн нүүртэй эмэгтэй” нь үнэн хэрэгтээ согтуу, үс нь хуссан баавгай байсныг зарим ажигч хүмүүс илрүүлж байжээ. Түүнийг эмэгтэй хүний даашинз өмсүүлэн сандалд уяж тавьсан байсан нь хүмүүсийг төөрөгдүүлэхэд хүргэжээ.
Энэхүү харгис, аймшигт жүжиг 1911 онд батлагдсан “Амьтдын эрхийг хамгаалах” хуулиар хориглогдон зогссон байжээ.
20-р зууны төгсгөл гэхэд амьтадыг ашигласан, доромжилсон маягийн шоу тоглолтууд бараг бүрэн зогсож, “гахайн нүүртэй эмэгтэйн” тухай зохиомол үзүүлбэрүүд ч тэдэнтэй хамт үгүй болсон. Гэхдээ ийм эмэгтэй байдаг гэх цуурхал хүмүүсийн сонирхлыг татсаар байв. Магадгүй энэ нь бидний дотор орших хоёр өөр төрлийн адын бодолтой холбоотой байж мэднэ. Нэг талаас бид дээд боловсролтой, хүмүүжилтэй, соёлтой хүн байхыг хүсдэг ч, нөгөө талаас дотоодод маань байх хүний мууг үзэх гэсэн сониуч шинжтэй зэрлэг тал байж болох вий гэсэн таамаг бий.
“Гахайн нүүртэй эмэгтэй” гэх домог нь бас биеийн хувьд өөр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хэрхэн хүлээж авдгийг харуулдаг.
“Хүмүүс бусдаас өөр бие галбиртай хүмүүсийг үргэлж гадуурхаж, шоглож ирсэн,” гэж урлаг судлаач Кэндас Ливингстон хэлээд, “Гэхдээ өнөө цагийн нийгэм ийм ялгаатай байдлыг илүү хүндэтгэж, жинхэнэ хүнийх нь хувьд ойлгож танихыг илүүд үздэг болсон гэж найдаж байна” хэмээн ярьжээ.
Түүхч Майкл Иган “Мангас гэхээсээ илүү түүнийг санаачилж, төсөөлдөг нийгэм өөрөө илүү сонирхолтой байдаг” хэмээн онцолсон. Өөрөөр хэлбэл, “гахайн нүүртэй эмэгтэйн” тухай домог нь тухайн эмэгтэйг бус, харин бидний өөр шигээ биш зүйлийг сонирхож, эсвэл жигшдэг тэр сэтгэл зүйг илүү тод харуулсан гэсэн үг юм.