Хүүхдийн дүрээр ирдэг үхэл: Хар нүдтэй хүүхдүүд
Хар нүдтэй хүүхдүүд анх гарч ирсэн үе
1996 онд Техасын Абилин хотод, оройн ээлжийн ажлаа дуусгаад Брайан Бетел кабелийн төлбөрөө төлөх гэж нэгэн худалдааны төвийн гадаа машинаа зогсоон, чек бичиж сууж байв. Гэнэт хүзүүний ар дахь шар үс нь босч, ямар нэг юм болох нь гэж мэдэрчээ. Харанхуй гудамжинд, машинтай нь ойрхон хэдэн өсвөр насныхан зогсож байгааг тэр анзаарсан байна.
Хөвгүүд Брайанаас тэднийг ээжийнх нь гэрт хүргээд өгөхийг гуйжээ, тэд мөнгөө аваад, оройн кино үзвэрт амжиж орохыг хүссэн байжээ.
Гэвч Брайанд нэг л зүйл сонин санагдав. Тэдний үзэхийг хүссэн кино нь аль хэдийн эхэлснээс хойш 45 минут болсон байсан. Мөн хөвгүүдийн хоолой нь наснаасаа хэтэрхий том хүний мэт санагджээ.

Худалдааны төвийн гадаах бүдэг гэрэлд, тэр анзаарчээ, тэдний нүд бүрэн хар, хүүхэн хараа ч үгүй, яг л нүүрс мэт харанхуй байв.
Айдас төрсөн Брайан машинаа шууд ухрааж, хурдлан зугтжээ. Арагш эргэж харвал хүүхдүүд ор мөргүй алга болсон байв.
Хар нүдтэй хүүхдүүдийн тухай домог ийнхүү анх гарч ирсэн бөгөөд түүний дараа ижил төстэй тохиолдлууд олон газар бүртгэгдэж эхэлжээ. Бүгд нэг ижил шинжтэй, бүдэг гэрэл, үл тайлбарлагдах түгшүүр, ямар нэг зүйл гуйх хүүхдүүд, тас хар нүд… болон гэнэт алга болсон гээд...
Бетел энэ айдас төрүүлсэн түүхээ хожим нь Abilene Reporter-News сонинд нийтэлжээ. Харин түүнээс хойш хэдэн арван жилийн хугацаанд хар нүдтэй хүүхдүүдийн тухай түүхүүд дэлхийн олон оронд тархаж, улам бүр нууцлаг, домгийн шинжтэй болж тархжээ.
Түүх болгон арай өөрөөр өгүүлдэг ч, домог яриа сонирхдог болон судалдаг хүмүүс эдгээр түүхүүдийг судалж үзээд нэгэн төстэй зүйл дээр бүгд санал нийлсэн нь "Үхэл" өөрийн биеээр хүүхдүүдийн дүрд хувирч ирдэг гэдэг таамаг байв.
Энэхүү муу ёрын зүйл хүний сэтгэл зүйн нэгэн эмзэг цэгийг ашигладаг нь хүмүүсийн нийтлэг ойлголт болох хүүхдүүдийг гэмгүй, аюулгүй гэж итгэдгээс болдог. Харин энэ итгэл дээр тулгуурлан, хар нүдтэй хүүхдүүд өөрсдийгөө ойртуулж, хаалгыг нээлгэх оролдлого хийдэг. Хүмүүс эргэлзэлгүй зөвшөөрсөн үед, өөрийн гараар аюул магадгүй үхлийг өөртөө дуудсан байдаг.
…Ядаж л, энэ бол энэхүү домгийн учрыг тайлах гэсэн нэгэн санаа.

Миссуригийн Хойд Баруун мужийн Их Сургуульд сэтгүүл зүй заадаг зохиолч Жэйсон Оффутт хар нүдтэй хүүхдүүдийн тухай 10 гаруй жилийн турш судалгаа хийсэн. Тэрээр дэлхий даяар тэдэнтэй таарсан гэж мэдүүлсэн хүмүүсээс ярилцлага авсан байна. Тэрээр хэлэхдээ:
“Тэдний нүд яг хархны нүд шиг, зүгээр л хар. Хүүхэн хараа ч байхгүй, цагаан ч байхгүй. Зүгээр л тас хар.”
Түүхүүдэд гардагчлан, эдгээр хүүхдүүд ихэвчлэн цэцэрлэгийн наснаас ахлах ангийн сурагч мэт харагддаг бөгөөд хуучирсан загварын хувцас өмссөн байдаг. Эдгээр олон арван түүхүүдийн нэгэнд нь тэд 10 жилийн өмнө байхгүй болсон спортын багийн логотой шинэ хувцас өмссөн байсан гэжээ.
Мөн хар нүдтэй хүүхдүүд өөрсдийнхөө насанд нь баймгүй, нэгэн хэвийн өнгөөр ярьдаг бөгөөд ихэнхдээ нэг өгүүлбэрийг дахин дахин давтдаг. Мөн гэрт эсвэл машинд орохыг хүсэж сүүлдээ улам дуу нь өндөрсөх хандлагатай болдог.
Энэхүү домгийн талаар бичсэн, Монтклерийн Их Сургуульд шашин судлалын хичээл заадаг туслах профессор Брижид Бөрк хэлэхдээ:
“Эхэндээ тэд зүгээр л ямар нэгэн зүйл гуйдаг, утсаар ярих, жорлонд орох, эсвэл хүргүүлж өгөхийг хүсдэг. Гэвч эцэст нь улам түрэмгий болж хувирдаг.”
Эдгээр домог, түүхүүд нь чөтгөр, шуламтай эртний үлгэр домогт гардаг зүйлстэй нэгэн зүйлээрээ ижилхэн байдаг. Энэ нь хүүхдүүдийг орж ирэхийг зөвшөөрсөн тохиолдолд тэд ямар нэгэн хор хөнөөлтэй зүйлийг хийдэг.
Хэрэв татгалзвал тэд эцэст нь зүгээр л алга болох эсвэл холдоод явчихдаг.
...гэхдээ тухайн хүнийг жинхэнэ айдаст автуулсныхаа дараа.
Тэд юу хүсэж байгааг бид мэдэхгүй.
"Тэд юу хүсэж байгааг бид мэдэхгүй болохоор аймшигтай," гэж Оффутт хэлэв. "Тэдэнд зөвшөөрсөн үед тэд бидэнд юу хийхийг бид мэдэхгүй."
"Тэдэнд зөвшөөрсөн хүмүүсийн тухай гунигтай түүхүүд байдаг," гэж Монтклерийн Их Сургуулийн шашин судлалын туслах профессор Брижид Бөрк хэлэв. Домогт гарах энэ хар нүдтэй хүүхдүүдэд зөвшөөрсөн тохиолдлын дараахан гэнэтийн үхэл, хавдраар оношлогдох зэрэг муу ёрын зүйлс тохиолддог гэнэ.
"Энэ муу ёрын зүйлс хүүхдийн дүр төрхтэй боловч яг үнэндээ тийм биш, хоёр ертөнцийн зааг дээр оршдог зүйл мэт санагддаг," гэж Бөрк тайлбарлав. "Тэд гаднаа хүүхдийн төрхтэй мэт боловч дотор нь ямар нэгэн нууцлаг зүйл оршиж буй мэт байдаг," гэж Бөрк хэлээд "Эртний домогт хүүхдүүд бол шинэ эхлэл, шинэ боломжийг билэгддэг бол эдгээр хүүхдүүд нь эсрэгээрээ, айдас, сүйрлийн дохио мэт санагддаг." гэж ярьжээ.
Түүнчлэн нэг удаа Бөркийн найзын гэрийн хаалгыг нэгэн хар нүдтэй хүүхэд шөнийн 03:00 цагт балбаж байсан аймшигт тохиолдол болж байжээ. Тухайн үед түүний найз энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй, Бөркийн судалгааны ажлыг ч мэддэггүй байсан байна.

Хар нүдтэй хүүхдүүд бол тусламж хэрэгтэй мэт дүр эсгэн, хор хүргэдэг цорын ганц муу ёрын домог биш. Ирландын ардын домогт чэнжлингүүд гэх амьтад гардаг ба хүмүүсийн хүүхдийг өөрсдийн хорон санаат хүүхдээр сольдог тухай гардаг. Харин Хойд Америкийн зарим уугуул үндэстний домогт, ялангуяа Калифорнийн Тахо нуур болон Невадагийн Пирамид нуурын орчмоор, усан хүүхдүүд хэмээх сүнснүүдийн домогт яриа бий. Тэд бол муу ёрын хүүхдийн сүнснүүд бөгөөд уйлах дуугаараа хүмүүсийг нуур руу дуудан үхэлд хүргэдэг.
"Эдгээр хар нүдтэй хүүхдүүд ч бас адил, тэд биднээс тусламж гуйж буй мэт дүр үзүүлж бидний туслах гэсэн сайхан сэтгэлийг ашигладаг” хэмээн Оффутт тайлбарлав.
Брайан Бетелын зогсоол дээрх түүх нь бараг 30 жилийн настай бөгөөд хар нүдтэй хүүхдүүдийн анхны бүртгэгдсэн тохиолдол нь энэ байв. Дараа нь интернетээр энэхүү түүх нь гал түймэр шиг л хурдацтай тархсан, гэвч өнөөдрийг хүртэл бодит нотолгоо баримт тун ховор байсаар байна.

Гэхдээ хаалган дээр чинь тогших чимээ гарах эсвэл машин руу тань хэн нэгэн танихгүй хүн гунигтай царайгаар ширтэн зогсвол...
...нүдийг нь сайтар хар. Харин оруулах эсэхээ өөрөө шийдээрэй.